УИХ-ын дарга М.Энхболдыг албан тушаалаас нь огцруулахаар нэр бүхий 40 гишүүн нэгдэж, гарын үсэг зурлаа. Тэд УИХ-ын дарга М.Энхболдыг Үндсэн хууль зөрчсөн, 60 тэрбумын хэрэгт нэр холбогдсон зэрэг хэд, хэдэн үндэслэл тавьж, ажлаа хүлээлгэж өгөхийг шаардаж байгаа бол Ерөнхий сайд У.Хүрэлсүх 60 тэрбумын хэргээр нь Үндсэн хуулийн Цэцэд хандаад байгаа юм. УИХ-ын дарга М.Энхболдыг албан тушаалаа хүлээлгэж өгтөл дээрх нэр бүхий 40 гишүүн байнгын хороо болон чуулганы нэгдсэн хуралдаанд оролцохгүй гэсэн байр суурин дээрээ хэвээр буйгаа дахин мэдэгдлээ.
УИХ-ын дарга М.Энхболд тэднийг хуулийн хүрээнд огцруулах асуудлаа тавихыг шаардаж байгаа юм. Тэгвэл УИХ-ын нэр бүхий 40 гишүүн өнөөдөр /2018.12.13/шаардлагыг албажуулж, гарын үсэг зуран, УИХ-ын дарга М.Энхболдыг огцруулах бичгийг өөрт нь өргөн барилаа. Ингэснээр УИХ-ын дарга М.Энхболд албан тушаалаа хүлээлгэж, огцрох нөхцөл бүрдэж байна. Учир нь, УИХ-ын даргыг огцруулахаар нэр бүхий 40 гишүүн гарын үсгээ зурж, парламентад өргөн барьсан энэ тохиолдолд хуулийн хугацаанд намын бүлэг, байнгын хороо, чуулганы нэгдсэн хуралдаанаар огцруулах эсэх асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх юм.
Хэдийгээр хуульд тусгаагүй ч УИХ-ын даргыг танхимынх нь гишүүдийн 50 хувиас илүү нь хүлээн зөвшөөрөөгүй тохиолдолд УИХ-ын дарга огцрох үндэслэл бүрддэг талаар гишүүд ярьж байна.
ХУУЛИЙН ЗААЛТ
Монгол Улсын Их хурлын тухай хуулийн хоёрдугаар бүлгийн 10 дугаар зүйлд УИХ-ын даргын бүрэн эрхийн хугацаа, түүнийг хугацаанаас нь өмнө чөлөөлөх, огцруулах үндэслэлийг хуульчилж өгсөн байдаг аж.
10.2.2. Өөр ажилд шилжих болон бусад шалтгаанаар чөлөөлөгдөх хүсэлтээ өөрөө гаргасныг Улсын Их Хурал хүлээн авсан,
10.2.3. Хүндээр өвчилсний улмаас цаашид үүрэгт ажлаа гүйцэтгэх боломжгүй болсон тухай эмнэлгийн дүгнэлт гаргасныг Улсын Их Хурал хүлээн авсан,
10.2.4. Үндсэн хуулийн цэц Улсын Их Хурлын даргыг огцруулах үндэслэлтэй гэсэн дүгнэлт гаргасныг Улсын Их Хурал хүлээн авсан,
10.2.5. Гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүхийн хүчин төгөлдөр шийтгэх тогтоолоор батлагдсан.