Монголын Уулчдын Үндэсний Холбооноос зохион байгуулдаг “GOLDEN ICE AXE AWARDS 2018” ёслол хүндэтгэлийн арга хэмжээ энэ сарын 16-нд зохион байгуулагдаж шилдгүүдээ тодрууллаа. Уулын спортын энэ жилийн шилдэг эмэгтэй тамирчнаар гавьяат тамирчин Б.Гангаамаа шалгарч “Мөсний алтан алх” шагналыг гардан авчээ.
Монгол Улсын гавьяат тамирчин Б. Гангаамаа өнгөрсөн долдугаар сарын 21-нд К2 уулын оргилд гарсан Монголын анхны уулчин болсон юм.
Тэрбээр К2 уулын оргилд гарсан талаараа“Спортын авиралтын хаан уул гэдэг энэ ууланд олон жилийн дараа Монголчуудын хүсэл биеллээ. Гурван удаа оролдлого хийж байж, ийнхүү амжилттай боллоо. К2 уул ийнхүү Монголынх боллоо” хэмээн ярьсан билээ.