“Алтан бөмбөг 2018”-ын шилдгүүд тодорлоо

Шинэ оны босгон дээр Монголын хөлбөмбөгийн холбоо шилдгүүдээ тодруулдаг “Алтанбөмбөг-2018” наадам энэ сарын 12-нд болж шилдгүүдээ тодрууллаа.

“ОНЫ ШИЛДЭГ ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН БАГИЙН ДАСГАЛЖУУЛАГЧ” Ц.ГАНБОЛД

2018 оны “Шилдэг эмэгтэйчүүдийн багийн дасгалжуулагч”-аар эмэгтэйчүүдийн үндэсний шигшээ баг болон “Монголын тэмүүлэл” клубийн дасгалжуулагч Ц.Ганболд тодорлоо.Манай эмэгтэйчүүдийн үндэсний шигшээ баг зүүн Азийн АШТ-ий нэгдүгээр шатанд анх удаа өрсөлдөж, гайхалтай тоглолтуудыг үзүүлэн хоёрдугаар шатанд шалгарсан. Мөн “Токио 2020” зуны олимпын наадмын урьдчилсан шатны эрхийн төлөөх тэмцээнд дөрвөн тоглолт хийж, дөрвөн гоол бүртгүүлэн, нэг оноо авч чамлахааргүй амжилт үзүүлсэн юм.

2018 ОНЫ “ШИЛДЭГ ЭРЭГТЭЙЧҮҮДИЙН БАГИЙН ДАСГАЛЖУУЛАГЧ”-ААР ҮНДЭСНИЙ ШИГШЭЭ БАГИЙН АХЛАХ ДАСГАЛЖУУЛАГЧ МАЙКЛ ВАЙСС 

Майкл Вайсс дасгалжуулагч 2018 онд эрэгтэйчүүдийн үндэсний шигшээ багийг зүүн Азийн АШТ-ий нэгдүгээр шатыг давж түүхэн амжилт үзүүлсэн. Мөн ОУХБХ-ны шигшээ багийн өдрөөр хийсэн тоглолтоор Лаосыг талбайд нь 1:4-өөр хожиж, анхны албан ёсны нөхөрсөг тоглолтын хожлыг авсан билээ.

“ОНЫ ШИЛДЭГ ГООЛ”-ЫН ЭЗЭН А.ТЭМҮҮЖИН

Улаанбаатар сити клубийн хагас хамгаалагч А.Тэмүүжиний “Сэлэнгэпресс” клубийн хаалганд оруулсан гоол үзэгчдээс авсан санал асуулгыг тэргүүлж 2018 оны шилдэг гоол боллоо.

“ОНЫ ШИЛДЭГ ЭМЭГТЭЙ ТОГЛОГЧ” А.АЛТАНТУЯА

2018 оны “шилдэг эмэгтэй тоглогч”-оор эмэгтэйчүүдийн үндэсний шигшээ багийн хамгаалагч А.Алтантуяа тодорлоо. А.Алтантуяа “Арвис” клубын эмэгтэйчүүдийн багийг ахлан “Эмэгтэйчүүдийн лиг”-ийн мөнгөн медаль хүртсэн. Үүнээс гадна Зүүн Азийн АШТ-ий нгдүгээр шатыг анх удаа давсан эмэгтэйчүүдийн үндэсний шигшээ багийн хамгаалалтын гол хүн байсан юм.

Тоглогч төдийгүй өсвөрийн багийн дасгалжуулагчаар ажилладаг А.Алтантуяа “Шилдэг эмэгтэй тоглогч”-ийн шагналыг хоёр дахиа хүртэж байна.

“ОНЫ ШИЛДЭГ ЭРЭГТЭЙ ТОГЛОГЧ” Н.ЦЭДЭНБАЛ

2018 оны “Шилдэг эрэгтэй тоглогч”-оор “Улаанбаатар сити” клубийн зүүн жигүүрийн хамгаалагч Норжмоогийн Цэдэнбал тодорлоо. Н.Цэдэнбалын Гуамын багийн эсрэг оруулсан гоол Монголын эрэгтэйчүүдийн үндэсний шигшээ багийн, Зүүн Азийн АШТ-ий нэгдүгээр шатыг анх удаа давах “тасалбар” байсан юм.

Н.Цэдэнбал “Улаанбаатар сити” клубийнхээ хамтаар улирлын эхэнд “Супер цом”-ын аварга болж, “МХБХ-ны” цомын тэмцээнд аман хүзүүдсэн билээ. Клубийнхээ ахлагч төдийгүй, үндэсний шигшээ багийн  Н.Цэдэнбалд шилдгийн шагналыг МХБХ-ны Ерөнхийлөгч А.Ганбаатар гардууллаа.

“2018 БЭЛГЭДЛИЙН 11”

“Алтан бөмбөг” ёслолын үйл ажиллагааны хамгийн сонирхолтой хэсгүүдийн нэг “Бэлгэдлийн 11” тоглогчид дараах тоглогчид багтав.

Хаалгач: Э.Мөнх-Эрдэнэ

Хамгаалагчид: Б.Даваажав, Д.Төрбат, Б.Гарьдмагнай, Н.Цэдэнбал

Хагас хамгаалагчид: Б.Балжинням, Х.Цэнд-Аюуш, Ж.Сүндорж, М.Төгөлдөр

Довтлогч: Б.Хаш-Эрдэнэ, Н.Наранболд

Уг нэр хүндтэй шагналыг дэлхийн домогт 100 тоглогчийн нэг “Алтан бөмбөг 2018” ёслолын үйл ажиллагааны зочин Петер Шмейхель гардууллаа.  “Алтан бөмбөг 2018” ёслолын үйл ажиллагааны “Ерөнхийлөгчийн нэрэмжит шагнал”-ыг NTV телевизийн хамт олонд гардууллаа.

 

“ШИЛДЭГ ШҮҮГЧ” Р.ЖАРГАЛСАЙХАН

Монгол улсаас төрөн гарсан анхны Азийн Хөлбөмбөгийн Холбооны “Элит шүүгч” Р.Жаргалсайхан 2018 оны “Шилдэг шүүгч” боллоо.

Санал болгох мэдээ

Чөлөөт бөх: П.Орхон, М.Лхагвагэрэл, Б.Бат-эрдэнэ нар олимпын эрхээ авлаа

Чөлөөт бөхийн “Парис 2024” олимпын эрх олгох Азийн бүсийн тэмцээн Киргиз улсын нийслэл Бишкек хотноо …