Авто спортын олимп гэгддэг “Дакар ралли-2019” олон улсын тэмцээн Перу Улсын нутаг дэвсгэрт ирэх нэгдүгээр сарын 6-17-нд зохион байгуулагдана.
41 дэх удаагийн раллид 40 орны 534 тамирчин, 334 техник хэрэгсэлтэй оролцохоор бүртгүүлжээ. Манай улсаас автомашины “SxS”, мотоциклийн ангилалд гурван тамирчин болон албаны багийн хамт өргөн бүрэлдэхүүнтэй оролцох гэж байна.
“SxS” ангилал буюу дөрвөн дугуйтаар автоспортын ОУХМ Ө.Бямбадэлгэр, Ө.Бямбацогт нар Францад машины үзлэгт орж, уралдах эрхээ баталгаажуулжээ.
“Дакар ралли” уралдааны дүрэм, журам маш нарийн стандартын дагуу явагддаг учир тусгай стандартын хангах ёстой аж. Тиймээс уралдаанд оролцох машиныг мэргэжлийн баг шалгаж, техникийн үзлэгт оруулснаар дугаараа баталгаажуулдаг гэнэ. Тэд 413 дугаартай уралдахаар болжээ.
Энэ удаагийн Монголын багийн ахлагч, чиглүүлэгчээр Ө.Бямбадэлгэр, жолоочоор Ө.Бямбацогт, мехнакаар Б.Баттөр, техникийн зөвлөхөөр Г.Аранзал, менежерээр Д.Баярбилэг, Г.Тэмүүжин, Б.Хатанбаатар нар ажиллана. Мөн багийн бүрэлдэхүүнд сэтгүүлч Б.Онон багтжээ.
“Дакар ралли” уралдааны замд Монголын баг тамирчид анх 2013 онд мотоциклийн төрлөөр оролцож эхэлсэн бөгөөд 2015 он хүртэл автомашин, мотоциклын төрлөөр оролцож байжээ.
“Дакар ралли-2019” уралдаан Перу Улсын нутагт арван өдрийн турш 5603 км замд үргэлжлэх бөгөөд нийт замын 70 хувь нь элсэн цөл, байгалийн хамгийн хүнд бартаатай замд өрнөх аж.