Сэтгүүлч Х.Уламбаярын фэйсбүүк хуудастаа бичихдээ, “Бид Монголоос хамт гарсан. Сирээс мөн цуг ирсэн. Замын дунд нэгийгээ орхих нь бид биш. Салгах гээд хэрэггүй биз дээ. Элдвийн хов хутгаж суухаар сүйрч буй телевизээ “авар”. Бид Ийглээр дутах биш Ийгл биднээр “дутах” болно. Бүх зүйл одоо дууссан. Араас нь “гоншигнох” хэрэггүй. Бид завгүй байна … хэмээн бичжээ. Одоо ч олон жиргээчид түүнээс Сирид хийсэн сурвалжлагыг нь үзүүлэхийг нэхсээр байгаа хэдий ч хариу тайлбар хийхгүй удсан нь хар төрүүлж байгаа юм. Сэтгүүлч Х.Уламбаяр хэсэг хугацааны дараа хэлэхдээ “Одоогоор Сири улсаас бэлтгэсэн сурвалжлагуудаа нэгтгэн хэд, хэдэн телевизэд санал тавиад байгаа” гэжээ. Ямартай ч тэрээр “Дэлгэрэнгүй сурвалжлага хүргэнэ гэж амласан ёсоор нэвтрүүлгээ хүргэх болно. Хангалттай бичлэг, зураг байгаа” хэмээн мэдэгдсэн. Түүнийг ажлаас нь халсан шалтгаан нь хоёр хувилбар байж болох талтай. Нэг, түүний ажиллаж байсан Eagle телевизэд ямар нэгэн улс төрийн дарамт шахалт дээрээс ирсэн болохоор Сирид сурвалжлага хийсэн сэтгүүлчийг халах шийдвэрт хүрсэн байж мэдэх. Тэгээд ч тус телевиз хаанахын хөрөнгө оруулалтаар боссон, ямар нэвтрүүлгийн бодлого баримталдаг гэдгийг монголчууд эртнээс андахгүй. Хоёр дахь хувилбар, угаас зөвшөөрөлгүй явсан гэдэг нэрийдлээр халхавчлан түүнийг ажлаас нь яаравчлан халаад, тус телевизийн удирдлагууд хал балгүй салах. Учир нь Сирид болсон үйл явдлыг үнэн мөнөөр нь мэдээлэх хэн нэгэнд ашиггүй байсан байж мэдэх юм. Тэр нь мэдээж энэ харь орноос манай дээдэст давхар дарамт ирсэн байхыг үгүйсгэхгүй. Эндээс харахад үеийн үед улс төрөөс хамааралтай яваа манай сэтгүүлзүй ямар дарамтын дор ажиллаж, төвөг бэрхшээлтэй бишгүй тулгардагийн бодит жишээ нь сэтгүүлч Уламбаярт тохиолдоод байна. Улмаар халуун цэг дээр, дарийн утаан дунд давжаахан биеэ огоорон, эрсдлээс айлгүй зорьж очсон сэтгүүлчээ аварч хамгаалах байгууллага эрх биш байгаа хойно дуугарах байх хэмээн найдна.
Эх сурвалж: www.aravt.mn