Монгол Улсын шинэ Үндсэн хууль батлагдсаны 27 жилийн ойн өдөрт зориулан явуулсан Шатар сонирхогчдын улсын аварга шалгаруулах шигшээ тэмцээн Төрийн ордонд хоёр өдөр үргэлжилж, өчигдөр /2019.01.06/ аваргуудаа шалгарууллаа.
Долоо дахь удаагаа зохион байгуулагдаж буй энэхүү тэмцээн 2018 оны арваннэгдүгээр сараас эхэлж, анхан шат, хагас шигшээ, шигшээ тэмцээнд нийтдээ 6500 гаруй шатар сонирхогч оролцсоноос 100 гаруй шатарчид өнөөдөр улсын аваргын төлөө оюун ухаанаа уралдуулав.
Шигшээ тэмцээнд нийт 134 шатар сонирхогч өрсөлдсөнөөс тэмцээний эцсийн дүнгээр эрэгтэй /100/ төрөлд Орхон аймгийн оролцогч А.Золжаргал /18 нас/ 7.0 оноогоор тэргүүн байр эзэлсэн бол хоёрдугаар байрт нийслэлийн Чингэлтэй дүүргийн оролцогч Б.Насанжаргал, гуравдугаар байрт Дорноговь аймгийн оролцогч Г.Мөнхсүх нар 7.0 оноогоор тус тус шалгарав.
Харин эмэгтэй төрөлд 34 шатарчин оролцсоноос нийслэлийн Баянзүрх дүүргийн оролцогч Ө.Уянга /35 нас/ 7 оноогоор тэмцээнийг тэргүүлж алтан медаль хүртсэн бол Налайх дүүргээс оролцож буй Г.Ариунбаяр /6.5 оноо/ удаалж, Төв аймгийн оролцогч Д.Баасанжаргал /6.0 оноо/ гуравдугаар байрт шалгарлаа.
Мөн шилдэг ахмад эрэгтэй тоглогчоор Б.Дүүрэнбаяр /5.0 оноо/, шилдэг ахмад эмэгтэй тоглогчоор Г.Цэгмэд /5.5 оноо/ нарыг тодруулсан юм. Түүнчлэн эхний гурван байр эзэлсэн эрэгтэй 3, эмэгтэй 3 оролцогч шатрын спортын “Дэд мастер” цолны болзол хангасан байна.
Шатар сонирхогчдын Улсын аваргууд:
Эрэгтэй:
2013 он Гомбожавын Саран-Эрдэнэ (Налайх)
2014 он Болдын Мөнхбаяр (БЗД)
2015 он Санжидын Алтангэрэл (Налайх)
2016 он Баасанжавын Цэцэнбаатар (Хөвсгөл)
2017 он Энхээгийн Энх-Амгалан (Мончесс)
2018 он Ганболдын Амарсанаа (Хэнтий)
Эмэгтэй:
2014 он Гэрэлчулууны Номин (Сэлэнгэ)
2015 он Төмөрбаатарын Март (Дархан-Уул)
2016 он Жаргалантуулын Даваасүрэн (ХУД)
2017 он Ганбаатарын Отгонтуяа (Хөвсгөл)
2018 он Эрдэнэбаатарын Одгэрэл (Дорноговь)
Шатар сонирхогчдын Улсын аварга шалгаруулах тэмцээний хаалтын үйл ажиллагааны үеэр УИХ-ын Тамгын газрын Захиргаа, аж ахуйн асуудал хариуцсан нарийн бичгийн дарга П.Цэрэн хэлсэн үгэндээ, эх орны өнцөг булан бүрээс хүрэлцэн ирж, оюуны спортыг түгээн дэлгэрүүлэхэд хувь нэмэр оруулж буй нийт шатарч сонирхогчдод талархал илэрхийлэв. Тэрээр шатар сонирхогч болоод энэхүү тэмцээнд оролцогчдын тоо жилээс жилд өссөн статистик тоон үзүүлэлт гарсныг цохон тэмдэглэж, нийт оролцогчиддоо баяр хүргэхийн сацуу хамтран ажилласан Монголын шатрын холбоо, орон нутгийн шатрын холбоод болон нийт шүүгчдэд талархал илэрхийллээ.