Залуучуудын чөлөөт цагаа зөв, боловсон өнгөрүүлэх орчныг сайжруулах, нийтийн биеийн тамир, спортыг хөгжүүлэх, түүний дотор бодибилдинг, фитнесээр хичээллэхийг дэмжих зорилгоор “МОНГОЛЫН МИСТЕР 2019” улсын аварга шалгаруулах 28 дахь удаагийн тэмцээнийг “Монголын Бодибилдинг Фитнесийн Холбоо” ТББ, нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Залуучуудын хөгжлийн газартай хамтран өнөөдөр Корпорэйт Конвеншн төвд (Corporate Convention centre) зохион байгуулна.
Энэ удаагийн тэмцээнд 54 клубын нийт 180 тамирчин 23 ангилалд өрсөлдөхөөр бүртгүүлсэн нь Монголын бодибилдинг, фитнесийн түүхэн дэх хамгийн олон тамирчин оролцсон тэмцээн болж байгаагаараа онцлог юм.
Мөн хѳгжлийн бэрхшээлтэй тамирчдад зориулсан тусгай ангилал болон бикини төрөлд 21, 30, 40-өөс дээш насны ангилал шинээр нэмэгдэж байгаа бөгөөд шилдгээр шалгарсан тамирчид Олон Улсын уралдаан, тэмцээнүүдэд оролцох эрхтэй болох юм.
Энэ талаар Нийслэлийн Залуучуудын хөгжлийн газрын дарга С.Сүх-Очир “Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр, “Нийслэлийн Залуучууд” дэд хөтөлбөрийн хэрэгжилтийг хангах зорилгоор нийслэлийн Залуучуудын хөгжлийн газар, “Монголын Бодибилдинг, Фитнессийн Холбоо” ТББ-тай хамтын ажиллагааны санамж бичгийг байгуулсан.
Тус санамж бичгийн хүрээнд “МОНГОЛЫН МИСТЕР 2019” УАШТ-ийг хоёр дахь жилдээ хамтран зохион байгуулах гэж байна.
Мөн дээрх санамж бичгийн хүрээнд өсвөр үе, залуучуудыг нийслэл Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж буй 22 фитнесс клубүүдэд Даваа-Баасан гарагуудад 10:00-17:00 цагуудын хооронд 50 хүртэлх хувийн хөнгөлөлттэй үнээр үйлчлүүлэх боломжоор ханган ажилласнаар өдрийн цагаар үйлчлүүлэх иргэдийн тоо 1500-аар нэмэгдсэн”гэв.