Нэрт найруулагч, Урлагийн гавьяат зүтгэлтэн Б.Баатар агсны мэндэлсний 60 насны ой энэ сарын 29-ний өдөр буюу өнөөдөр тохиож байна. Энэхүү үйл явдлыг тохиолдуулан найруулагчийн гэгээн дурсгалд зориулсан хүндэтгэлийн арга хэмжээг Улсын Драмын эрдмийн театраас зохион байгуулж байна. Өнөөдөр залуу найруулагчдад дэмжлэг үзүүлэх зорилгоор байгуулагдсан “Баатар найруулагч” сангийн нээлт Улсын Драмын эрдмийн театрт 18:00цагт болно. Мөн Монголын театрын музейд түүний хүрэл баримлыг байршуулах юм. Түүнчлэн Б.Баатар найруулагчийн гэгээн дурсгалд зориулсан “Урлагт үнэн амьдар” хүндэтгэлийн арга хэмжээг зохион байгуулах аж.
Найруулагч Б.Баатар 1985 оноос уран бүтээлийн замналаа найруулагч Б.Мөнхдоржтой хамтран “Гургалдайн дуут шөнө” жүжгээ тайзнаа амилуулснаар эхэлсэн бөгөөд тэр жилдээ найруулагч Г. Доржсамбуутай хамтран “Гарваа” жүжгийг тайзнаа тавьжээ.
Тэрбээр “Далан худалч”, “Кармен хүүхэн”, “Ганцхан алдахад уулзана”, “Амьгүй албат”, “Ээжээ”, “Атга нөж”, “Ану хатан”, “Кихот ноён”, “Адууны түүх” зэрэг Монголын болон гадаадын олон арван жүжгийг найруулан тавьж театрын уран санг баяжуулахад үнэтэй хувь нэмэр оруулсан уран бүтээлч байсан билээ.