ОХУ-ын Сахалин мужийн Южно-Сахалинск хотноо хоёрдугаар сарын 08-17-ны өдрүүдэд зохион байгуулагдаж буй “Азийн хүүхдүүд” өвлийн спортын анхдугаар наадамд Монгол Улсаа төлөөлөн уулын цана, гүйлтийн цана, биатлон, тэшүүрийн төрөлд нийт 13 тамирчин оролцож байна.
Тэмцээний талаарх багц мэдээллийг хүргэж байна.
2019.02.08
Хоёрдугаар сарын 8-нд Южно-Сахалинск хотын төв талбайд Монголын багийн туг өргөх ёслол болж Монголын баг тамирчид болон Монгол Улсын Зам, тээврийн хөгжлийн сайд, Улсын их хурлын гишүүн, “Азийн хүүхдүүд – 2020” наадмыг зохион байгуулах хорооны дарга Б.Энх-Амгалан тэргүүтэй төлөөлөгчид оролцов.
2019.02.09
“Сахалин – 2019” наадам хоёрдугаар сарын 9-нд албан ёсоор хөшгөө нээж, нээлтийн ёслолд Азийн олимпийн зөвлөлийн гишүүн орнууд болон Москва хот, Урал, Сибир, Саха, Алс Дорнод, Башкортостан, Татарстан, Сахалинск мужийн нийт 19 багийн 1,000 гаруй тамирчин оролцов.
Гүйлтийн цанын эрэгтэйчүүдийн ойрын зайн төрөлд 65 тамирчин өрсөлдсөнөөс Б.Далхсүрэн, Б.Хонгор, Г.Өсөхбаяр, Б.Тайванбаатар нар 54-57 байрт орсон бол эмэгтэйчүүдийн зайд 62 тамирчин өрсөлдөж, Ж.Бямбанордог 47, Ш.Ариунжаргал 52 дугаар байрт тус тус оров.
“Сахалин – 2019” Азийн хүүхдийн өвлийн спортын анхдугаар наадмын 2 дахь өдөр өндөрлөж, Монголын баг тамирчид уулын цана, тэшүүр, биатлоны төрлүүдэд өрсөлдлөө.
- Биатлоны төрлийн спринт уралдаан явагдаж, хөвгүүдийн 6км зайд нийт 34 тамирчин оролцсоноос Э.Энхсайхан 15.42 оноогоор 17 дугаар байр, охидын 4.5км зайд нийт 34 тамирчин өрсөлдөж Ч.Бямбасүрэн 20.51 оноогоор 32 дугаар байрыг тус тус эзэллээ.
- Шорт-трекийн 500м уралдаанд нийт 37 тамирчин оролцож Б.Алтангэрэл 52.6сек, А.Бүрэнбаяр 52.3 секундийн амжилтаар 26, 27 дугаар байрт тус тус шалгарав.
- Уулын цанын Супер Жиант төрөлд нийт 36 тамирчин өрсөлдсөнөөс Г.Тэмүүл, Ч.Хүсэлтөгөлдөр нар техникийн алдааны улмаас хасагдсан байна.