Манай улсад хүйтний улиралд өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх, аялал жуулчлалын хугацааг уртасгах зорилгоор Бүргэдийн баяр, Талын түмэн адуу, Улаанбаатарын өвлийн наадам, Хөх сувд мөсний баяр, Тэмээний баяр зэрэг арга хэмжээг зохион байгуулдаг. Энэхүү арга хэмжээнүүдийг тогтмол зохион байгуулснаар өвлийн аялал жуулчлал хөгжин гадаад дотоодын жуулчдын томоохон урсгал бий болох ач холбогдолтой юм.
Тусгай сонирхлын аялал жуулчлалыг хөгжүүлэх, өвлийн улиралд Улаанбаатар хотод ирэх жуулчдын тоог нэмэгдүүлэх зорилгоор “Улаанбаатарын өвлийн наадам” арга хэмжээг НЗДТГ, нийслэлийн Аялал жуулчлалын газар, “Скай Резорт” цогцолбортой хамтран энэ сарын 16-17-ны амралтын өдрүүдэд Богд Хан уулын үзэсгэлэнт Хүрхрээгийн аманд зохион байгуулах гэж байна.
Уг наадмаар дамжуулан Монголынхоо ёс заншил, өв уламжлал, үндэсний тоглоом наадгай, соёлыг сурталчлан таниулах, шинэ тутам хөгжиж буй нийтийн биеийн тамир, спорт, аяллын төрлүүдийг сурталчлах ач холбогдолтой.
Өвлийн наадамд гадаадын жуулчид, Монгол Улсад түр болон байнга оршин сууж буй гадаадын иргэд, дотоодын жуулчид, нийслэлийн иргэд хамрагддаг юм.
Тэмцээнүүдэд гадаад, дотоодыг тамирчид оролцож хурд хүч, авхаалж самбаагаа сорино. Үүнээс ОХУ-ын Буриад, Тува, БНХАУ-ын ӨМӨЗО-оос сур харваачид хүрэлцэн ирнэ.
Арга хэмжээний үеэр ОХУ-ын АИСТ ТВ, БНХАУ-ын ӨМӨЗО-ны Монгол Одон телевизийн сурвалжлах баг хүрэлцэн ирж Монголын үндэстний ёс заншил, өв уламжлал, үндэсний тоглоом наадгай, соёлыг хөрш хоёр оронд сурталчилах аж.