Олон Улсын Уулчдын Холбоо/UIAA/-ны мөсөнд авиралтын дэлхийн цомын аварга шалгаруулах VI тэмцээн АНУ-ын Колорадо муж, Денвер хотод 2 дугаар сарын 22-ноос 24-ний өдрүүдэд зохиогдоно.
Уг тэмцээнд оролцохоор Монголын Уулчдын Үндэсний Холбоог төлөөлж Говь-Алтай аймаг, Тонхил сум, Уулын спортын ууган мастер Я.Жанцангийн нэрэмжит “СУТАЙН БОР” клубын тамирчин, Мөсөнд авиралтын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний мөнгөн медальт, Монгол улсын хошой аварга, ОУХМ Н.Хэрлэн оролцохоор өчигдөр /2019.02.18/ эх орноосоо мордлоо.
ОУХМ Н.Хэрлэн дасгалжуулагч багш Спортын мастер Х.Нямдоо, Монголын Хүндийн Өргөлтийн Холбооны Ерөнхий дасгалжуулагч, ОУХМ Ц.Хосбаяр нарын удирдлага дор бэлтгэл сургуулилтаа базаасан.
МУҮХ-ноос АНУ-д зохиогддог дэлхийн цомын аварга шалгаруулах тэмцээнд анх удаа тамирчнаа ийнхүү сойж байна. Энэ удаагийн тэмцээнд нийт 16 орны 68 тамирчин оролцох юм.