“Зэрлэг цэцэгсийн хүлэмж”, “Зүрхээр наадагч”,“Тооцоогүй тоглоом” “Атганд үлдсэн эрдэнэ” “Миний нууц”киногоороо үзэгчдийг байлдан дагуулсан “Хувьсал” продакшны дэлгэцийн зургаа дахь уран бүтээл “Тэнгэрээс буусан од” кино ирэх сарын 1-нд нээлтээ хийнэ.
“Тэнгэрээс буусан од” киноны гол дүрд жүжигчин О.Дөлгөөн,О.Мөнхдалай, МУГЖ У. Уранчимэг нар тогложээ.
“Хувьсал” продакшны уран бүтээлчид “Тэнгэрээс буусан од” уран сайхны киноныхоо эмэгтэй гол дүрийн сонгон шалгаруулалтыг зарлаж шалгаруулжээ. 50 гаруй жүжигчдийг гурван үе шаттайгаар өрсөлдүүлэн проб явуулсан боловч тухайн дүрд тохирох жүжигчнийг шалгаруулж чадаагүй байна.
Улмаар тус киноны продюсер Г.Цоггэрэл жүжигчин О.Дөлгөөнийг санал болгожээ. Сонгон шалгаруулалтын багийнхан бүрэн санал нэгдэн, жүжигчин О.Дөлгөөнийг урьж, энэхүү бүтээлийн гол дүрд тоглуулсан байна.
Тэгвэл “Тэнгэрээс буусан од” киноны зохиол “Миний нууц” уран сайхны киноны зураг авалт хийгдэж байх явцад бичигдэж эхэлжээ. Цаг хугацаатай өрсөлдөн, хувьсан өөрчлөгдөхийн төлөөх чимээгүй тэмцэл нь бүтээлээс бүтээлд үргэлжилж байдаг аж.
Кино зохиолыг “Хувьсал” продакшны жүжигчин Г.Бямбасүрэн нэг жил гаруй хугацаанд бичиж, киноны бэлтгэл ажил зургаан сар үргэлжилсний эцэст тус киноны зураг авалт эхэлж хоёр сарын турш олон мянган километр замыг туулсан кино багийн маш их хөдөлмөрийн үр дүнд амжилттай хийгдэж дууссан байна.
Зураг авалтыг Г.Гүенбаатар зураглаачтай “Red Point media” студийн баг хийж гүйцэтгэжээ. Зураг авалтын ажлын хэсэг үндсэн 50 хүний бүрэлдэхүүнтэй ажиллаж, нийт 200 гаруй уран бүтээлч тус кинонд оролцсон байна.
Кино зураг авалтын үндсэн үйл ажиллагааны дараах эцсийн үе шат болох өнгө, дүрс, дуу шүүлтийн гүйцэтгэлийг дууны найруулгын “Авиа” студи, өнгөний мастер Б.Ариунболд, компьютер графикийг Steve E. Morel зэрэг залуус гүйцэтгэн, амжилттай ажиллаж байна.
“Тэнгэрээс буусан од” киноны дууны үгийг МУСГЗ Ш.Гүрбазар, аяыг МУУГЗ Л.Балхжав зохиож, дууг МУГЖ Г.Ариунбаатар, МУСТА Д.Отгонжаргал нар хамтран дуулсан байна.