Хувиараа такси үйлчилгээ эрхэлж, иргэдэд үйлчилсэн жолоочийг 100 мянган төгрөгөөр торгох шийдвэрийг Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар цуцлах шийдвэр гаргалаа
Энэ талаар Засгийн газрын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн дарга “Хувиараа таксинд явж буй иргэнийг 100 мянган төгрөгөөр торгох ажлыг Нийслэлийн тээврийн газраас хийж эхэлснийг Засгийн газраас буюу Зам тээврийн, хөгжлийн яамнаас зогсоосон болно. Иргэдийн халаас руу гар дүрсэн байдлаар торгууль давамгай хэрэгжүүлэх нь буруу гэж Засгийн газрын тэргүүн үзэж, чиглэл өгсөн тул хувиараа таксинд явж буй иргэдийг торгохгүй” гэж мэдэгдлээ.
Тодруулбал, Автотээврийн тухай хууль, түүнтэй нийцүүлэн гаргасан дүрэм, журмын хэрэгжилт, “Такси үйлчилгээ Ерөнхий шаардлага” MNS 5122:2013 стандартын мөрдөлтөд хяналт тавьж, хууль бусаар дуудлагын такси үйлчилгээ эрхлэгчдэд хяналт, шалгалт хийх ажлыг Нийслэлийн тээврийн газраас хийж буй. Энэ хүрээнд энэхүү торгуулийн арга хэмжээг авч байсан юм.
Зөрчлийн тухай хуулийн 14.6-12 дахь хэсэгт зааснаар нэг аж ахуй нэгж, байгууллагыг нэг сая төгрөг, иргэнийг 100 мянган төгрөгөөр торгох хуулийн заалттай байсан юм. Өнгөрсөн хугацаанд хяналт шалгалтын хүрээнд нийт зургаан хүнийг торгосон байна.