“Бүсгүйн зурвас” задрахад гурван хоног үлдлээ

Зохиолч, яруу найрагч Л.Өлзийтөгсийн зохиол “БҮСГҮЙН ЗУРВАС” уянгын драмын жүжиг Төрийн соёрхолт найруулагч Н.Наранбаатарын найруулгаар гуравдугаар  сарын 1-нд Улсын драмын эрдмийн театрын тайзнаа нээлтээ хийх гэж байна.  

“Бүсгүйн зурвас” уянгын драмын жүжгийн гол дүрд МУГЖ Б.Жаргалсайхан,МУГЖ Г.Урнаа,МУГЖ Ж.Оюундарь,МУСТА М.Тогтохжаргал,МУСТА С.Болд-Эрдэнэ, Б.Золзаяа нар тоглоно.

Харин жүжгийн туслах дүрд МУАЖ С.Сарантуяа, МУГЖ Л.Дэмидбаатар, МУСТА Ж.Пүрэвдорж, Б.Шинэбаяр, Б.Одончимэг, Э.Тодгэрэл болон Ц.Төгсбилэгт, Г.Номуун, Д.Асардарь, О.Сүххуяг, Ц.Цэлмүүн, П.Мягмарсүрэн, Ц.Анхбаяр нар тоглох юм.

 

“Бүсгүйн зурвас” уянгын драмын жүжгийн зохиолчоор Л. Өлзийтөгс, ерөнхий найруулагчаар Төрийн соёрхолт Н. Наранбаатар, туслах найруулагчаар О.Итгэл, ассент найруулагчаар МУСТА А.Чингүүн, бүжиг дэглээчээр МУСТА Г.Ган-Очир нар ажиллаж байгаа юм байна.

“Бүсгүйн зурвас” жүжгийн дууны үгийг Х.Соёмбо, аяыг Б.Чинбат зохиож, дууг Улсын Драмын эрдмийн театрын жүжигчин МУСТА Э.Тодгэрэл дуулжээ.

Нэр төртэй төрийн түшээ, сайд Архайтай хөрөг ярилцлага хийхээр тохирсон сэтгүүлч бүсгүй Итгэл сайдын гэрт очиж буйгаар энэхүү жүжиг эхэлнэ. Аав ээж, нутаг ус, амьдралын замналаа Архай сайд Итгэлтэй илэн далангүй хөөрөлдөж сэтгэл уярам түүхийг өгүүлнэ. Гэвч тэдний энэ удаагийн уулзалт сайдын гэрт гэнэтийн зочид ирэх сургаар аргагүйн эрхэнд тасалдахад хүрч ярилцлагаа маргаашийн өдрийг хүртэл түр хойшлууллаа.
Маргааш өдөр нь Итгэл сайдын гэрт дахин зочилоход өчигдөр өөртэй нь уулзсан тэр хүн төрөл арилжсан мэт өөрчлөгдсөн байх нь тэр. “Ийм л хүн түмэн олны итэлийг дааж төрийн түшээ бололгүй ч яахав дээ” гэж бодож байсан Итгэлийн урам зориг, бахархал, хүндлэл салхинд туугдах мэт хийсэн одож, Архай сайдын ярьж хэлсэн бүрийн алинд нь чухам “үнэн” оршиж байгааг тааварлаж мэдэхийн эцэсгүй байдалд оруулж, энэ хүн чухам хэн юм бэ? гэсэн эцэс төгсгөлгүй таавар тайлалын өмнө түүнийг аваачив. “Нууц” нь, “Үнэн” нь хаана байсныг жүжгийн өрнөлөөс толилдоорой…

“Бүсгүйн зурвас” хэмээх энэхүү жүжигт хүний мөн чанар, ёс зүй, үнэ цэнэ, хайр сэтгэл, итгэл үнэмшил
хийгээд өнөө цагийн нийгмийн хүрээн дэхь ил далд оршин байх олон асуудлыг хөндөн өгүүлэх болно.

УДЭТ-ын 2019 оны хамгийн анхны шинэ уран бүтээл болох тус жүжгийн тасалбар энэ сарын 21-нээс эхлэн худалдаанд гарсан бөгөөд тасалбарын үнэ суудлын зэрэглэлээс хамааран 10000, 15000, 20000, 25000, 30000 төгрөгөөр худалдаалагдаж  байна. 

Тасалбарыг: www.ticket.mn болон УДЭТеатрын билетийн кассаар худалдаж эхлэсэн бөгөөд 1900-1800 дугаарт залган үнэгүй хүргүүлэх боломжтой. 

 

 

 

 

Санал болгох мэдээ

Уран барималч Т.Даваасамбуугийн “Монгол эр хүн” үзэсгэлэн дэлгэгдлээ

“Мөнгөн мод 2023” наадмын  шилдэг дүрслэх урлагийн бүтээлийн шагнал хүртсэн уран барималч Т.Даваасамбуугийн “Монгол эр …