Ардын жүжигчин Д.Нанжид таалал төгсжээ

БНМАУ-ын Гавьяат жүжигчин, Монгол Улсын Ардын жүжигчин, нэрт бүжиг судлаач, СУИС-ийн хүндэт профессор Дунжаагийн НАНЖИД 2019 оны 2 дугаар сарын 25-ны өдөр ертөнцийн мөнх бусыг үзүүллээ. Тэрбээр 1930 онд Хөвсгөл аймгийн Цагаан-Үүр сумын “Ариг ус” гэдэг газар мэндэлжээ.

1948 онд Хөгжимт драматик сургуулийг бүжигчин мэргэжилээр төгсөөд, 1945-1972 онд Улсын эстрад концертын товчоо, УАДБЧ-д бүжигчин, 1973-1975 онд Говь-Алтай аймгийн АДБ-ийн “Алтай” чуулга, 1975 1984 онд Улсын багшийн сургуулийн соёлын салбар, 1984-1990 онд Өмнөговь аймгийн ХДТ, 1991-1992 онд “Дүнжингарав”чуулгад бүжгийн багш, дэглээч, 1993-2019 онд СУИС-ийн Бүжгийн урлагийн сургуульд бүжгийн багш, зөвлөх профессороор ажилласан юм.

Д.Нанжид “Эрх ишиг”, “Аягатай дөрвөд”, “Загасчин”, “Эрвээхий”, “Дөрвөн ойрд” зэрэг 40 гаруй бүжигт гоцлон бүжиглэж, 300 гаруй бүжигт оролцон тогложээ. Ш.Аюушийн хөгжмөөр “Агсал баатар”, “Хөтөл охин” бэсрэг бүжгэн жүжиг дэглэн найруулж, Л.Мөрдоржийн хөгжмөөр “Манай нэгдлийнхэн” чуулбар, “Шаргын говийн ялаа” цоморлиг, Д.Лувсаншаравын хөгжмөөр “Хуримын бүжиг” цоморлиг зэрэг 280 гаруй бүжиг дэглэжээ. Варшав хотноо зохиогдсон ДЗО-ны V их наадамд /1955/ “Эрх ишиг” бүжгээр, Москва хотноо болсон ДЗО-ны VI их наадамд /1957/ “Аягатай дөрвөд” бүжгээр шагналт байранд шалгарчээ. “Монгол ардын ба сонгодог бүжгийн үндсэн дасгалууд” сурах бичиг / 1972/, “Монгол бүжгийн намба төрх үндэсний өвөрмөц онцлог” /1998/, “Монгол бүжгийн дэг зохиомж” /2003/, “Монгол бүжгийн түүхэн уламжлал, хөгжлийн шинэ хандлага” /2009/, “Бий бийлэхийн гайхамшиг” /2010/ ном туурвисан нь бүжгийн сургалт, судалгаанд үнэтэй эх хэрэглэгдэхүүн, гарын авлага болж байна. Монгол улсад бүжгийн дээд боловсролтой мэргэжилтэн бэлтгэхэд голлох үүрэг гүйцэтгэж, Монгол бүжгийн сургалтыг үндэслэн хөгжүүлж, өөрийн дэг сургуулийг бий болгож, бүжгийн багш, бүжиг дэглээчдийн сургаж хүмүүжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан бүжгийн багш билээ.

Монголын бүжгийн урлагт оруулсан Д.Нанжидын хувь нэмрийг үнэлэж БНМАУ-ын Гавъяат жүжигчин (1969), Монгол улсын Ардын жүжигчин (2018) цол хүртээж, СУИС-ийн Хүндэт профессороор (2005) өргөмжилжээ. 2011 онд үндэсний соёлын биет бус өвийн нэг бий биелгээг өвлөн уламжлуулах, түгээн дэлгэрүүлэхэд оруулсан хувь нэмрийг нь үнэлэж “Шилдэг өв тээгч”-ээр тодруулж “Мөнгөн мод” шагнал
хүртээжээ.
Монголын урлагийн “Алтан үе”-ийн төлөөлөгчдийн нэг, нэрт бүжигчин, бүжиг дэглээч, бүжгийн багш, нэрт судлаач Дунжаагийн НАНЖИД таны бүтээсэн гайхамшигт бүтээл туурвил, Монгол бүжгийн баялаг өв тань Монголын бүжгийн түүхэнд төдийгүй, Монголын ард түмэн, үр хүүхэд, эгэл олон шавь бидний зүрх сэтгэлд эрхэмсэг гэгээн дүрээрээ үүрд мөнхрөн үлдэх болно.

Гэр бүл, үр хүүхэд, төрөл төрөгсдөд нь шавь нар

 

 

Санал болгох мэдээ

МИАТ компани Боинг 787-9 агаарын хөлгөө хүлээн авлаа

Засгийн газрын “Шинэ сэргэлтийн бодлого”-ын агаарын тээврийн либералчлалын хүрээнд МИАТ ТӨХК  дэлхийд тэргүүлэгч AerCap компаниас …