Өнгөрсөн пүрэв гаригт ажлаа хүлээн авсан НИТХ-ын дарга Р.Дагватай ярилцлаа.
-Таны нутаг ус, аав, ээжийн тань талаар ярилцлагаа эхэлье. Та аль нутгийн хүн бэ?
-Би өөрөө Улаанбаатар хотод төрж, өссөн. Харин аав минь Архангай аймгийн Их тамир сумын уугуул. Их олон жил тээврийн жолооч хийсэн. Ээж минь нярав хүн бий. Ер нь ажилчин гаралтай гэж хэлэхэд болно доо. Хүүхэд насаа би Долоон буудалд эмээтэйгээ хамт өнгөрөөсөн. Миний эмээ надад амьдралын философи, амьдралд хүн яаж хөл тавих ёстой, ямар хүн байх ёстой талаар сургаал хайрладаг байлаа. Эмээ минь хүний сурсан, мэдсэн зүйл хэзээ нэгэн цагт заавал хэрэг болдог гэх зарчмыг байнга сануулдаг байсан. Би эрх зүйч мэргэжилтэй. МУИС, Их засаг олон улсын их сургууль, Удирдлагын академийг дүүргэсэн. Эхнэр, гурван хүүхэдтэй. Хүүхдүүд маань бүгд тусдаа гарчихсан. Дор бүрнээ ажил төрлөө хийгээд л явж байна.
-Та яагаад улс төрд орох болов?
-Би бусад хүмүүс шиг улс төрд орохыг тэгж их тэмүүлээгүй. 2005 оны үед би МҮОНРТийн хүний нөөцөөс хотын захиргаанд татагдаж ирсэн юм. Хотын захиргаанд гурван жил болсны дараа тухайн үеийн Хотын дарга орон нутгийн сонгуульд нэр дэвш гэдэг чиглэл өгсөн. Тухайн үед их гайхаж, учрыг нь ч олоогүй. Дотроо бол сонгуульд нэр дэвших дургүй маягтай байсан хэрэг. Ингээд дүүргийн ИТХд нэр дэвшиж, ялсан юм. 2012 оноос хойш хоёр дахь удаагаа НИТХ-д сонгогдон ажиллаж байна.
-Та НИТХ-ын даргад нэр дэвших эсэхээ хэзээ шийдсэн юм бэ. Гэнэтийн шийдвэр байсан уу?
-Оны өмнө намын удирдах зөвлөлийн хурлаар С.Амарсайхан дарга Нийслэлийн Засаг даргад нэр нь яригдаж, улс төрийн шийдвэр гарсан. Тэр үед давхар хурлын даргын асуудал нам дээр яригдаж миний нэрийг дэвшүүлсэн. Намын удирдах зөвлөл, бүлгийн шийдвэр гарчихсан байсан. Зөвхөн С.Амарсайхан даргын асуудлыг л хүлээж байлаа. Хотын даргын асуудал нэлээн сунжирлаа шүү дээ.
-Та шинэ ажлаа аваад удаагүй байна. Хамгийн эхний шийдвэрлэх ажил юу байх вэ?
-Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчлэн найруулсан төсөл УИХ дээр хэлэлцэгдэж байгааг мэдэж байгаа байх. Энэ ажлыг эрчимжүүлнэ. Өөрөөр хэлбэл, нийслэлийн эрх зүйн орчныг сайжруулах, шинэчлэхээс ажлаа эхлүүлнэ дээ. Улаанбаатар хотод эрх зүйн нэн таатай орчин хэрэгтэй байгаа. Манай хотын дүүргүүд сумын статустай адил байдаг. Гэтэл бодит нөхцөлд дүүргүүд аймгуудаас ч их хүн амтай болчихсон байна. Тиймээс төрийн болоод нийгмийн үйлчилгээнүүдийг хорооны иргэдэд хүргэхэд нэн бэрхшээлтэй болчихсон. Энэ нь маш олон тулгамдсан асуудлуудыг бий болгож байгаа. Хүн амын механик өсөлттэй холбоотойгоор манай хотод мэдээж оюуны, ажиллах хүчний төвлөрөл бүрдсэн. Гэхдээ үүнийг бид давуу тал болгож чадахгүй байгаа. Харин ч эсрэгээр бидний сул тал болчихоод байна. Учир нь нийгмийн харилцаанд их олон хүндрэлүүдийг араасаа дагуулж байна. Энэ сул талаа хэрхэн давуу тал болгох вэ гэдэг дээр илүү анхаарах ёстой. Хотын хөгжилтэй холбоотой төсөл хөтөлбөрүүд, ерөнхий концесс цаашдаа Улаанбаатар хот яаж хөгжих ёстой гэдгийг эхлээд ухаж ойлгох хэрэгтэй.
Нүдэнд харагдаж байгаа тэдгээр асуудалтай нь тэмцэх биш үндэс, сууриар нь асуудлыг нь шийдэх тал руу бодлого гаргаж ажиллана. НИТХ дахь хоёр намын бүлэгтэйгээ зөвшилцөж, тэднийхээ санаа оноог сонсож, бусад харьяа газар агентлагийн салбарын түвшин дэх бодлого, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, Нийслэлийн Засаг даргын дэвшүүлсэн мөрийн хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх гээд их олон зүйл байна. Гэхдээ гашуун үнэнүүд бий. Тухайлбал, улс, нийслэлийн төсвөөр Улаанбаатар хотын хөгжлийг хэзээ ч шинэ шатанд гаргахгүй. Үүнийг бүгд хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Улаанбаатар хотод тулгамдсан маш олон асуудал байна шүү дээ. Агаар хөрсний бохирдол, ажилгүйдэл, замын түгжрэл гэж явсаар золбин нохой дээр очдог байхгүй юу. Энэ бүх асуудлыг дээрх санхүүгийн эх үүсвэрээр шийдэх гэж 27 жил зүтгэлээ. Гэхдээ өнөөдрийг хүртэл шийдэж чадсангүй. Тиймээс бид Улаанбаатар хотын амьдрах арга ухааныг өөрчлөх хэрэгтэй. Глобалчлагдаж байгаа дэлхий ертөнцийн чиг хандлага руу Улаанбаатар хотын хөгжлийг дөхүүлж, орчин үеийн смарт хотын хөгжлийн төлөө бүгд ур ухаанаа уралдуулах ёстой. Ер нь хувийн хэвшлийн оролцоогүйгээр хотын хөгжлийг төсөөлнө гэж хэзээ ч байдаггүй юм байна. Хувийн хэвшлийн оролцоогүйгээр Улаанбаатар хотыг хөгжүүлчихнэ гэж бодож суугаа дарга нар байвал яг одоо гэртээ харь л гэж хэлье. Бид арваад жилийн өмнө ганцхан гамшгийн хэмжээнд тулсан тулгамдсан асуудалтай байсан. Тэр нь агаарын бохирдол. Одоо өнөөх хөрсний бохирдол, замын түгжрэл, ажилгүйдэл гамшгийн хэмжээнд ирсэн. Асуудал улам зузаараад байгаа байхгүй юу. Тэгэхээр энэ бүх бэрхшээлийг хувийн хэвшлийн оролцоогүйгээр шийдэж чадахгүй юм байна гэдгийг ойлгоод, хувийн хэвшлийнхэн юу хүсээд байгаа юм, тэдэнд ямар эрх зүйн, шийдэл, шийдвэр, юу хэрэгтэй байгааг тэмтэрч үзэх хэрэгтэй байна.
Үргэлжлэлийг энд дарж уншина уу