Эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах олон улсын өдрийг угтан нийслэлийн Засаг даргын санаачилгаар зохион байгуулж буй “Их хотын бүсгүйчүүд-2019” хүндэтгэлийн арга хэмжээний үеэр Нийгмийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч, нийслэлийн Засаг даргын орлогч Ш.Анхмаа хэрэгжүүлж буй арга хэмжээнийхээ талаар илтгэл тавилаа.
Тэрбээр “Нийслэл хотын эмэгтэйчүүдийн төлөөлөл, эрхэм хүндэт зочид та бүхэнд Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийн мэнд дэвшүүлье. Өнөөдөр бид эрхээ хамгаалах баяраа тэмдэглэж байна. Тиймээс эрхийнхээ төлөө дуу хоолойгоо нийгэмд өргөх, эмэгтэйчүүдэд тулгамдаж байгаа асуудлын талаар ил тод ярих шаардлага, хэрэгцээ бий” гэсэн юм.
Илтгэлийг тоймлон хүргэе.
Улаанбаатар хотод Монгол Улсын нийт хүн амын 46 хувь нь оршин суудаг бөгөөд үүний 52 хувь нь эмэгтэйчүүд. Хөдөлмөр эрхэлж буй нийт хүмүүсийн 46.6 хувь эмэгтэйчүүд байна. Эрүүл мэнд, боловсрол, жижиг, дунд үйлдвэрлэл, өрхийн бизнес, худалдаа үйлчилгээ, хот тохижилт, хөнгөн хүнсний үйлдвэр, худалдаа, үйлчилгээ, төрийн үйлчилгээний салбарт эмэгтэйчүүд олноор ажиллаж байна. Тулгамдсан асуудал хамгийн олонтой салбаруудад эмэгтэйчүүд ажиллаж, асуудлыг шийдэж байгаа юм.
2018 оны 40.3 мянган эмэгтэй амаржиж, Монгол Улсын хүн амыг 40.7 мянгаар нэмэгдүүлжээ. Сүүлийн жилүүдэд төрөлтийн тоо өсөж буй. Хүүхэд төрүүлж буй эмэгтэйчүүдийн 88 хувь гэр бүлтэй, 12 хувь нь гэр бүлгүй байдаг. Гэвч гэрлэсэн гэх эмэгтэйчүүдийн 46 хувь нь гэрлэлтийн баталгаагаа хийлгээгүй гэдэг мэдээлэл байна. Энэ нь Гэр бүлийн тухай хуулийн хэрэгжилт хангалтгүй, хүүхдийн тэтгэлэг тогтоосон шүүхийн шийдвэрийн биелэлт тааруу байгаагийн илрэл. Үүнээс гэрлэлт бол илтгэлцэл дээр тулгуурлаж буй мэт боловч нөгөө талаасаа эрчүүдийн хариуцлага муу, салалт газар авч байгааг мэдэж болно.
Эх, хүүхдийн эрүүл мэндийг хамгаалахын тулд нийслэлээс олон ажил хийж байгаа. Умайн хоргүй хавдрын тохиолдолд мэс заслын бус эмчилгээ хийж, оношлогооны төслийг Монголд анх удаа хэрэгжүүллээ. Амаржих гурван газрын эмч, мэргэжилтнүүдийг чадавхжуулж, “Өргөө” амаржих газарт фото эмчилгээний аппарат ашиглан нярайд анх удаа фото эмчилгээ хийж эхэлж байна. Мөн “Өргөө”, “Амгалан” амаржих газар, ЭХЭМҮТ-ийн гадна талбайг тохижуулах ажлыг нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар хийлээ. Түүнчлэн Өрхийн эрүүл мэндийн 68 төвд их засвар хийж, шаардлагатай тоног, төхөөрөмжүүдийг нийлүүлсэн. Ингэснээр иргэд эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээг анхан шатнаас авч эхэлсэн. Уг ажлыг 2019 онд өргөжүүлнэ.
Боловсрол, эрүүл мэндийн салбараас хамааралгүй эх хүн, эмэгтэй хүн гэж үгүй. Тиймээс энэ салбарыг хөгжүүлж, тулгамдсан асуудлыг шийдвэрлэхийн төлөө Монгол Улсын Засгийн газар, нийслэлийн ИТХ, нийслэлийн ЗДТГ-аас онцгойлон анхаарал хандуулан ажиллаж байна. Хүүхэд нь цэцэрлэг, сургуульд хамрагдаж чадаагүй эмэгтэйчүүд хүнд ачаа үүрдэг. Тиймээс бид сургууль, цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэхээр ажиллаж байна. Гурван ээлжээр хичээллэдэг бүх сургуулийг 2020 он гэхэд хоёр ээлжинд шилжүүлнэ. Мөн цэцэрлэгийн хүртээмжийг 85 хувьд хүргэхээр ажиллаж байна.
Нийслэлийн ИТХ-ын ХМОНХТ