Монгол Улсын гавьяат жүжигчин, Буриад улсын Төрийн соёрхолт, дуучин Г.Ариунбаатар гуравдугаар сарын 14-нд Буриадын Дуурь, бүжгийн театрын тайзнаа “Тоска” дуурийн голд дүрд тоглох гэж байна.
Дуурийн дуучин маань Буриадын Дуурь, бүжгийн театрын тайзнаа дахин уран бүтээлд тоглох болжээ. Монголын дуурийн урлагийн алдарт баритон Г.Ариунбаатар 23-хан насандаа Монгол Улсын гавьяат жүжигчин хэмээх эрхэм цол хүртэж, 2016 онд “Чингис хаан” одонгоор шагнуулсан билээ. Тэрбээр Цагдаагийн ерөнхий газрын “Сүлд” чуулгад дуучнаар ажиллаж байгаад, урилгаар ОХУ-ын Санкт-Петербургийн Мариинскийн театрт, улмаар Буриадын Дуурь бүжгийн эрдмийн театрт ажиллах болсон юм.
Мөн эх орныхоо нэрийг дуурийн урлагт дуурсгаж, Оросын нэрт хөгжмийн зохиолч М.И.Глиникийн нэрэмжит олон улсын дуурийн дуулаачдын уралдаан, П.И.Чайковскийн нэрэмжит олон улсын хөгжмийн уралдааны гоцлол дуулаачийн төрөлд түрүүлж, мэргэжлийн дуурийн дуулаачдын “ВВС Cardiff singer of the world” уралдааны болор цом хүртсэн билээ.