Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн ээлжит хуралдаан өнөөдөр боллоо. Хуралдааны эхэнд Ниймгийн хөгжлийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч, нийслэлийн Засаг даргын орлогч Ш.Анхмаа уриалга гаргах тухай асуудлыг танилцууллаа.
Өнгөрсөн онд нийслэлийн Цагдаагийн газраас архидан согтуурахтай тэмцэх чиглэлээр шат дараатай олон ажлыг авч хэрэгжүүлсэн. Энэ хүрээнд давхардсан тоогоор 79.3 мянган аж ахуй нэгж, 51.8 мянган иргэнд шалгалт хийжээ. Мөн 25.652 гэмт хэрэг бүртгэгдсэнээс 1116 буюу 11.3 хувийг согтуугаар үйлдсэн гэмт хэрэг эзэлсэн байна. Гэмт хэргийн дийлэнх хувь нь 22.00-06.00 цагт үйлдэгдсэн гэсэн судалгаа байдаг аж.
Нийслэлийн Засаг даргын 2015 оны 7 сарын 9-ны өдрийн А/609 захирамжаар архи согтууруулах ундаагаар үйлчлэх тусгай зөвшөөрөлтэй үйлчилгээний газруудын үйл ажиллагаа явуулах цагийн хязгаарыг шөнийн 04.00 цаг байхаар тогтоож, худалдан борлуулдаг аж ахуй нэгжийн цагийг зааж өгөөгүйгээс худалдаа эрхэлдэг аж ахуй нэгжүүд 24 цагаар архи худалдан борлуулдаг. Иймд нийтээр тэмдэглэх баяр болон тэмдэглэлт өдрүүд, амралт, зугаалга аливаа баяр ёслол, арга хэмжээг архи согтууруулах ундаагүй тэмдэглэн, хэтрүүлэн хэрэглэсэн иргэдийн амь насыг эрсдэлд оруулах нөхцөлийг бүрдүүлэхгүй, архигүй орчин амьдралын зөв хэвшилтэй байхыг нийслэл Улаанбаатар хотын иргэн, аж ахуй нэгж байгууллагад уриалах санал танилцууллаа.
“Архигүй орчин амьдралын зөв хэвшил” уриалгыг гаргах тухай нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан холбогдох албан тушаалтнуудад үүрэг өглөө. Тэрбээр үүрэг чиглэл өгөх үеэрээ “Цэнгээний газруудын зэрэглэл болон ажиллах цагийн хуваарийн хязгаарыг тогтоох хэрэгтэй. Өглөөний 04.00 цаг хүртэл архидан согтуурдаг явдал байж болохгүй. Хотын дүрэм батлах тухай ажлын хэсгийн саналыг авч оршин суугчид, иргэд рүү чиглэсэн, өдөр тутмын амьдралын хэмнэлийг тусгасан товч тодорхой боловсруулан дараагийн зөвлөлийн хурлаар хэлэлцүүлэх нь зүйтэй. Иргэдэд чиглэсэн зөв амьдрал, дадал хэвшилд уриалсан уриалга байх ёстой” гэж тодотгон хэлсэн юм.
Энэ өдрийн хуралдаанаар Улаанбаатар хотын замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулахтай холбоотой хийж хэрэгжүүлсэн ажил, цаашид хийх ажлын талаар танилцуулгыг нийслэлийн Гэр хороолол, дэд бүтцийн асуудал хариуцсан Засаг даргын орлогч П.Баярхүү танилцууллаа.
Өнгөрсөн 2018 оны байдлаар Монгол Улсын хэмжээнд 877 мянган тээврийн хэрэгсэл бүртгэгдсэн. Үүнээс Улаанбаатар хотод 502 мянга 400 тээврийн хэрэгсэл бүртгэлтэй байгаа юм. Импортоор 93 мянга 700 гаруй тээврийн хэрэгсэл гаалиар орж ирсэн бол бүртгэлээс 27 мянга 600 тээврийн хэрэгсэл хасагджээ.
Түгжрэлийн нэг гол шалтгаан сургуулийн сурагчдыг тээвэрлэх асуудлаас үүдэлтэй. Нийслэлийн 245 сургуульд 264 мянга 240 сурагч суралцаж байна. Жил бүр 3 сургуульд автобус шийдэж өгч байгаа. Нийслэлийн 7 дүүргийн 52 сургууль 130 хүүхдийн автобустайгаас 6784 суралцагчийг зөвшөөрөлтэй 34 аж ахуй нэгжийн 79 автобус тээвэрлэж байгаа юм. Гэвч Энхтайваны өргөн чөлөө дагуу байрлаж байгаа ихэнх сургууль зориулалтын автобусгүй. Хувийн тээврийн хэрэгслээр хүүхдээ зөөдөг эцэг эхчүүд их байгаа юм. Их тойруу орчимд байгаа 16 сургуульд 1-5 дугаар ангийн 9597 хүүхдийг хувийн тээврийн хэрэгслээр зөөдөг байна.
Мөн E-Police зөрчил мэдээллийн апплекэйшн гаргасан. Иргэдийн идэвх оролцоо өндөр байгаа бөгөөд 2018 оны 10 дугаар сарын 22-ны өдрөөс эхлэн зөрчил бүртгэх ажиллагаа явагдсан. Үүнээс хойш 12 мянган иргэн гар утсандаа суулгасан. Ирсэн мэдээллийн 1800 зөрчилд хариуцлага тооцон, шийтгэврийн хуудас илгээсэн байна.
Энэ мэтчилэн замын хөдөлгөөнд саад учруулах, түгжрэл нэмэгдүүлэх олон шалтгаан бий. Замын түгжрэлийг бууруулахаар шат дараатай ажлууд хэрэгжүүлж байгаа гэдгээ Засаг даргын орлогч П.Баярхүү танилцуулсан юм.
Мөн өнөөдрийн Засаг даргын зөвлөлийн хуралдаанаар Түрээсийн төлбөрөөс чөлөөлөх тухай, Нийтийн тээврийн үйлчилгээний салбарын санхүүжилтийн журам батлах тухай асуудлыг хэлэлцлээ гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.