“Үггүй хайр”, “Амин нүдэн” гэх уянгалаг сайхан дуунуудаараа сонсогчдийн сонорыг мялааж яваа уран бүтээлж бол Ч.Амаржаргал. МУГЖ, дуучин Ч.Амаржаргал энэ сарын 15-нд “Амин нүдэн” тоглолтоо хийх гэж байна.
Тэрээр 2011 онд “Сэтгэлд нуугдсан харц” нэртэй цомгоо гаргаж, өнгөрсөн онд цомгийнхоо хүндэтгэлийн тоглолтоо хийгээд 21 аймгаар аялан тогтолт хийжээ. Үүнийхээ дараа Ерөнхийлөгчөөс гавъяат жүжигчин хэмээх эрхэм хүндтэй цолыг хүртсэн байна. Шагнал түүний амьдралд их том баяр баясгалан болсон гэж дуучин маань ярьжээ. Тиймээс ч шагнал авсан баяраа ард түмэнтэйгээ хуваалцахаар шийдэж “Амин нүдэн” тоглолтоо хийхээр төлөвлөжээ. МУГЖ Ч.Амаржаргал хэлэхдээ “Би урлагт 25 жил амьдарлаа. Энэ хугацаанд хийсэн бүтээснээ мөн тайлагнах гэж байгаадаа баяртай байна. 130 гаруй дуутай болсон байна. Хоёр хуурцаг, хоёр цомог гаргажээ. 10 удаа бие даасан тоглолт хийлээ. Би уран бүтээлээ сүр дуулиан бололгүй чимээгүй хийгээд байдаг талтай. Анх “Үггүй хайр”, “Амин нүдэн” дуугаараа үзэгчидтэй уулзсан. Одоо ч ард түмэн маань энэ дуунуудаас уйдаагүй байгаад баярладаг” хэмээв.