Өвчнөөс урьдчилан сэргийлэхийг уриалж 600 хүн алхлаа

“Ахмадын эрүүл мэндийг дэмжих сар”-ын хүрээнд Эрүүл мэндийн сайд Н.Удвал 10 дугаар сарын 13-ны өдөр 100 ахмад настан болон эрүүл мэндийн байгууллагуудын 500 орчим ажилтан, албан хаагчдын хамтаар өглөөний алхалтад оролцлоо.

Эрүүл мэндийн сайд Н.Удвал алхалтад оролцогчдод хандан хэлэхдээ бид “Ахмадын эрүүл мэндийг дэмжих сар”-ын хүрээнд ахмадуудаа ясны сийрэгжилтээс сэргийлэх, сэтгэцийн эрүүл мэндийг нь дэмжих, биеийн эсэргүүцлийг сайжруулах, амин дэмээр хангах гэсэн чиглэлээр үйл ажиллагааг зохион байгуулж байна. Өнөөдрийн алхалтад оролцохоор ирсэн та бүхэн бол эрүүл мэндийнхээ төлөө маш том хувь нэмэр оруулж байгаа хүмүүс. Хэрэв хүн алхалтыг хэвшүүлж, идэвхтэй хөдөлгөөнтэй, зөв хооллоод, сэтгэц бухимдлаа зөв удирдаж чадвал зүрх, судасны өвчнийг 90 хувь, чихрийн шижин өвчнийг 80 хүртэл хувь бууруулж чадна. Эдгээр нь өвчнөөс урьдчилан сэргийлэх хамгийн энгийн, хэрэглэхэд амархан, үр дүнтэй эдийн засгийн хувьд ч хэмнэлттэй арга юм гэв.

Алхалтын өмнө ахмадууд Эрүүл мэндийн яам дээр өглөөний цайгаа ууж, халуун яриа өрнүүлсээр алхалтаа яамнаас эхэлсэн байна. Нийт алхагчид Хүүхдийн паркийг нар зөв тойрон Төв номын сангийн хажуугаар гарч буцаж яам дээр иржээ. Алхалтад оролцсон хүмүүст ЭМЯ-ны зүгээс “Эрүүл амьдралын 5 алхам” мэдээллийн багц гарын авлага, “Ахмад настнуудын сэтгэцийн эрүүл мэнд” товхимолын хамтаар өгөв.

Энэхүү үйл ажиллагааг Эрүүл мэндийн яам, Дэлхийн эрүүл мэндийн байгууллага, Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төв, Геронтологийн үндэсний төв, Эрүүл мэндийн шинжлэх ухааны их сургууль хамтран зохион байгуулжээ.

Санал болгох мэдээ

Ясүхиро Ямашита: Олимпийн наадмаа амжилттай зохион байгуулж, дэлхий дахинаа хүч чадлаа илтгэн харуулна

“TОКИО-2020” Зуны XXXII олимпийн наадам нээгдэхэд яг 6 сарын хугацаа үлдлээ. Үүнтэй холбогдуулан Японы үндэсний …