Арабын нэгдсэн Эмират улсын Абу даби хотод Тусгай олимпийн зуны XV наадам болж байна. 190 гаруй орны 7500 тамирчин спортын 24 төрлөөр өрсөлдөж, шилдгүүдээ тодруулж байна.
Өчигдөр болсон жүдо бөхийн эрэгтэйчүүдийн 66 кг-ын жинд өрсөлдсөн Э.Билгүүн мөнгөн медаль хүртлээ. Тэрбээр багийнхаа ес дэх медалыг авчирлаа. Манай багт жүдогийн таван тамирчин багтсан бөгөөд тэд бүгд жингийнхээ нэгдүгээр ангилалд багтсан.
Э.Билгүүн одоо 18 настай. Тэрбээр 63 дугаар тусгай сургуулийг төгссөн бөгөөд тавдугаар ангиасаа эхлэн жүдогийн спортоор хичээллэжээ. Тусгай олимпын наадамд оролцохоос өмнө тэрбээр Хан-Уул дүүргийн жүдо бөхийн аварга шалгаруулах тэмцээнд орж, медалийн төлөө өрсөлдөж байсан.
Э.Билгүүн 63 дугаар сургуулиа төгсөөд Хүнсний технологийн коллежийг тогооч мэргэжлээр дүүргэжээ. Гэхдээ цаашид жүдогийн мундаг тамирчин болж, амжилтаа ахиулах тэмүүлэлтэй байгаа талаараа ярьсан юм.
Монгол Улсаас 28 тамирчин, найман дасгалжуулагч, эмч нарын бүрэлдэхүүнтэй оролцож байгаа бөгөөд тэмцээн гуравдугаар сарын 22-д өндөрлөнө.