Нийслэлийн залуучуудын сайн дурынхны хөгжлийн төв нээгдлээ

Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Залуучуудын хөгжлийн газар залуучуудын сайн дурын ажлыг дэмжиж, тэдний оролцоог нэмэгдүүлэх, тусч соёлыг дэлгэрүүлэх, эерэг хандлагатай, бүтээлч иргэдийг төлөвшүүлэх зорилгоор “Нийслэлийн залуучуудын сайн дурынхны хөгжлийн төв”-ийг “Сайн дурынхны хөгжлийн төв” НҮТББ-тай хамтран нээж байна.

Нийслэлийн Залуучуудын хөгжлийн газрын дарга С.Сүх-Очир: Тус төвийн үйл ажиллагааг “Сайн дурынхны хөгжлийн төв” НҮТББ бие даан явуулах бөгөөд энэхүү төвөөр дамжуулан сайн дурын ажлын ач холбогдол, соёлыг залуучуудад түгээх, нийгмийн бүхий л салбарт ажиллах сайн дурын ажилтнуудыг чадавхжуулах, хөгжүүлэх замаар төрийн болон төрийн бус байгууллага, иргэний нийгмийн байгууллагуудтай хамтран нийгмийн хөгжилд залуучуудын хувь нэмэр, оролцоог нэмэгдүүлэх зорилготой юм.

Нийслэлийн Залуучуудын хөгжлийн газар тус төвийн үйл ажиллагааг дэмжиж оффис болон хурлын танхимыг түрээс, урсгал зардалгүйгээр ашиглах боломжийг нээж, сайн дурын ажил хийсэн залуучуудын ажилласан цагийг баталгаажуулах ажлыг “Сайн дурынхны хөгжлийн төв” НҮТББ-тай хамтран зохион байгуулна.

Нийслэлийн залуучуудын сайн дурынхны хөгжлийн төв нь сайн дурынхны санаачилга, оролцоотойгоор дараах ажлуудыг хийнэ.

Хүүхэд залуучууд, олон нийтийн хөгжил

Хүрээлэн буй орчин, байгаль хамгаалах (мөн амьтан, ургамлыг болон соёлын өвийг хамгаалах) үйл ажиллагаа

Нийгмийн эрүүл мэнд – аливаа өвчнөөс урьдчилан сэргийлэх үйл ажиллагаа

Байгалийн гамшиг, аюулт үзэгдэл, осол гэмтлээс урьдчилан сэргийлэхэд чиглэсэн үйл ажиллагаа

Ахмад настанд чиглэсэн нийгмийн халамжийн үйл ажиллагаа

Нийгмийн хамгаалал (Үүнд: зорилтот бүлэгт чиглэсэн тусламж үйлчилгээ)

Үе тэнгийн болон албан бус боловсрол олгох үйл ажиллагаа

 Хүний эрхийг хамгаалахад чиглэсэн үйл ажиллагаа

Хувь хүний бүтээлч чадавхыг хөгжүүлэх, иргэдийн санал санаачилгыг дэмжих үйл ажиллагаа

Хотын соёл – иргэдийн ухамсар, хандлагыг дээшлүүлэхэд чиглэсэн үйл ажиллагаа

Хүмүүнлэгийн болон сайн дурын ажилд оролцох, нийгэмд өөрийн гэсэн хувь нэмрээ оруулах хүсэл эрмэлзэлтэй залуучуудад “Нийслэлийн залуучуудын сайн дурынхны хөгжлийн төв”-ийн үүд хаалга үргэлж нээлттэй байх болно гэж нийслэлийн Залуучуудын хөгжлийн газраас мэдээллээ.

Санал болгох мэдээ

Сүхбаатар дүүрэг: “Томуу, томуу төст өвчний үед авч хэрэгжүүлэх арга хэмжээ” сэдэвт сургалт болов

Өнөөдөр Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газар, Эрүүл мэндийн төв хамтран цэцэрлэг, сургуулийн эмч нарт …