Монголчууд бид олон баярыг тэмдэглэдэг. Тэр бүрдээ аль хэн нэгнийгээ баярлуулах нэрийдээр баахан бужигнана. 3 сарын найманы өдөр Мартын-8 эмэгтэйчүүдээ баярлуулна гээд бөөн цэцэг навч болж байгаад хэдхэн хоногийн дараа эрэгтэйчүүдээ баярлуулж байгаа нь гээд архи дарс болно. Товчхондоо бол томчууд бидэнд март, цэргийн баяр, найзуудын төрсөн өдөр, байгууллагын тэмдэглэлт өдөр, хавар намрын зугаалга, ажил бүтсэн өдөр, салхинд гарах ажиллагаа гээд “баярлах” өдөр мундахгүй олон.
Харин хүүхдүүдийн хувьд
Мэдээж тэдний хувьд “6 сарын 1” нь бол хамгийн том баярын өдөр. Энэ өдөр эцэг эхчүүд болгон дор бүрнээ л хүүхдээ баярлуулахыг хичээцгээнэ. Томчууд бид тэднийг яаж баярлуулах вэ. Хүүхдийн паркаар зугаалуулна гэж үү?
Хүүхдийн паркийн газрыг нь хувааж аваад, үлдсэн жаахан газар дээр нь өндөр үнэтэй тоглоом байршуулсан. Нэг хүүхэд 5 тогломоонд тоглоход 15 мянган төгрөг, дээр нь паркийн хашаанд ороход хүн тус бүр 1000 төгрөг. Хэрэв та 3-4 хүүхэдтэй бол 100 мянгаас дээш төгрөгтэй байж хүүхдийн парк орохгүй бол горьгүй. Тэгээд ч баярын өдөр хүүхдийн паркад эцэс төгсгөлгүй очер дараалал үүсч, сүүлдээ удаан дараалалд зогссон хүүхдүүд наршин ядарч, эцэг эхчүүд уур ундууцал болоод буцацгаадаг. Хэдхэн хоногийн өмнө паркын газрыг луйвардагчдын улыг долоогчид паркийн газрын асуудлаар “эзнийгээ” хамгаалсан “хөөрхөн шоу” нэвтрүүлэг хийж байгаа нь харагдана билээ. Одоогийн паркийн тоглоом байгаа газар бол өмнөх газрын ¼-тэй тэнцэх газар гэдгийг уг нь бид сайн мэдэх л юмсан. Эцэг эхчүүд бидэнд улс төржилт, маргаан хэрэггүй, хэн хийх нь ч хамаагүй, гол нь хурдхан л хүүхдүүдээ л аятайхан зугаацуулдаг парктай болчих юмсан гэсэн бодол байна.
Хүүхдийн баярын өдөр бяцхан багачууд маань гоё хувцсаа өмсөөд эцэг эхийнхээ гараас хөтлөөд хөөр баяртайгаар алхацгаана.
Ямартай ч эцэг эхтэй хүүхдүүд энэ мэтээр баярлацгаахыг хичээнэ. Тэгвэл эцэг эхгүй, өнчин өрөөсөн, асрамжийн газрын хүүхдүүдийн хувьд хүсэн хүлээсэн баяр нь хүүхдийн баяр байдаг. Эл өдөр олон ах эгч нар тэдэнд бэлэг өгөх нь сайхан. Харамсалтай нь тэр ах эгч нарын “та нарт туслана, асуудлыг чинь шийдэж өгнө” гэж худлаа ярих нь муухай.
Хүүхдийн баяр болохоор “ичигсэд ичээнээсээ хөдлөх” мэт улс төрчид, энд тэндэхийн сайд дарга нар гэв гэнэт л хүүхдүүдэд хайр зарлаж, тэднийг асардаг байгууллагуудаар “зочилж”, хүүхдүүдэд бэлэг өгөөд эхлэнэ. Томчуудын энэ тэнэг үйлдэл 365 хоногноос энэ өдөр л хүүхэд байдгийг санах мэт. Асрамжийн газрууд, хүүхдийн хорих анги, хүүхдийн хаяг тогтоох төв, өнчин ядуу хүүхдүүдэ бэлэг сэлт өгөхийн зэрэгцээ тэднийг асран халамжилж байгаа байгууллагын удирдлага, асран хамгаалагч нартай уулзана, ямар асуудал байгааг сонсоно, шийдвэрлэхээ амлана. Ингээд дараа жилийн хүүхдийн баяр болтол таг мартана.
Улсын хүүхэд асран хүмүүжүүлэх төв гэхэд л өнөөдөр спорт, урлаг заал байхгүй хэвээр байна. Эл төвөөр зочлон очсон хүмүүст бяцхан хүүхдүүд байрныхаа коридорт шахцалдан байж урлагийн авьяасаа үзүүлдэг.
Монголчууд бид “хүнд загас бүү өг, харин загас барих аргыг нь зааж өг” гэж хэлдэгсэн. Тэгвэл ганц өдөр асрамжийн газрын хүүхдүүд дээр очоод бэлэг өгөх биш, тэднийг зөв хүн төлөвшүүлэх, урлаг спортын авьяасыг нь нээхэд нь дэмжлэг үзүүлэх зорилгоор урлаг, спорт заалны асуудлыг нь тэдэнд шийдэж өгч, ач тус болоосой. Энэ чиглэлд буяны гараа сунгагч байгууллага, хувь хүмүүс ч анхаарлаа хандуулаасай. Хэмжээгүй их хөрөнгөтэй баячууд хурдан морь нэртэй “нүүрэндээ үстэй адгуус” худалдан авах мөнгөнөөсөө жааханыг ч гэсэн илүүчилж, асрамжийн нэртэй хүүхдүүдэд буян үйлдээсэй. Хатан ухаан ярьсан, баярхсан, мисс диссээрээ дуудуулагч, урлаг спортын амжилтай яваа эмэгтэй “одууд”, бэл бэнчинтэй бизнесмэн бүсгүйчүүд эл асуудалд анхаарлаа хандуулаасай. УИХ-ын эмэгтэй гишүүд хүүхэд, ахмадуудыг асрах, дэмжих асуудлыг төрийн бодлогон түвшинд авч үзээсэй.
Эцэг эхийн хайр халамжаар дутаж яваа эдгээр хүүхдүүдэд хэрвээ бид жаахан ч гэсэн тус хүргэж чадвал тэднийг нэг удаа биш, өнө удаан баярлуулах болно.
Ц.Мөнх