Сүүлийн гурван жилийн турш Монгол улсын экспортын бүтээгдэхүүний нэр, төрлийг нэмэгдүүлэх, дэмжих, ялангуяа ноолуурын салбарт анхаарч ажилласны дүнд ноолуурын салбар дахь түүхий эд бэлтгэлийн хэмжээ гурав дахин өсч, үйлдвэрүүд хүчин чадлынхаа 50 хувийг ашиглаж улмаар борлуулалт хоёр дахин өссөн талаар Үйлдвэр, хөдөө аж ахуйн яамнаас мэдээллэв.
Тодруулбал, 2011 онд ноолуур боловсруулах 36 үйлдвэрт 97.8 тэрбум төгрөг, ноос боловсруулах 22 үйлдвэрт 28.7 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээлийг олгосон бол 2012 онд ноолуур боловсруулах дөрвөн үйлдвэрт 2.4 тэрбум төгрөг, ноос боловсруулах зургаан үйлдвэрт 4.7 тэрбум төгрөгийн зээлийг таван жилийн хугацаатай, долоон хувийн хүүтэйгээр олгосон байна. Мөн 2011 оноос хойш үндэсний үйлдвэрт тушаасан ноолуурын кг тутамд 2000 төгрөгийн урамшууллыг түүхий эд бэлтгэн нийлүүлэгчдэд урамшууллаар өгдөг болсон билээ.
Төрөөс ийнхүү нэгдсэн бодлого баримтлан ноолуурын салбарынханыг дэмжсэнээр ноолуурын үйлдвэрүүдийн татвар төлөлт 2010 онд 9.8 тэрбум төгрөг байсан бол 2012 онд 18.2 тэрбум төгрөг болж өсжээ. Мөн 1600-аад ажлын байр шинээр бий болсон байна.
Л.Бадрах