Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар өнгөрсөн сард Испани улсад зохиогдсон “Festival Internacional del Circ Elephant d’Or” тэмцээнд амжилттай оролцож алтан цом хүртсэн “Монголын циркийн хөгжлийн төв”-ийн уран бүтээлчдэд мөнгөн шагнал олгох шийдвэр гаргажээ.
Продюсер Н.Эрдэнэ болон Х.Ганболд багштай “Монголын циркийн хөгжлийн төв”-ийн уран бүтээлчид “Mystery of Gentlemen” хэмээх шариктай акробатын үзүүлбэрээр оролцож амжилт гаргасан байна.
Сонирхуулахад энэ сарын 29-нд нээлтээ хийх “Walt Disney” кино компанийн бүтээсэн “Дамбо” киноны туслах дүрд Монголын циркийн хөгжлийн төвийн уран нугараач Ч.Отгончимэг, Э.Ариунчимэг, Б.Золзаяа, Г.Олдох нар тогложээ. Монголын циркийн уран нугаралтын жүжигчид, продюсер Н.Эрдэнийн хамт 2018 оны нэгдүгээр сард Лондон хотноо очиж, кино шалгаруулалтад оролцож, тэнцсэн юм.
Г.Нараа