Хэн гэдэг эрх мэдэлтэн явган хүний зам дээр барилга барихаар зэхэж байна вэ

 logoГазрын наймааны нууц ноёдыг илрүүлэхгүй хэрнээ нийтийн эзэмшлийн газарт газар олгоод байгаа нь хачирхалтай 

Өнгөрсөн долоо хоногт хотын төвийн өнгө үзэм­жийг гутааж буй ТҮЦ-үүдийг албадан буулгах үйл ажиллагаа явагдсан билээ. Гэтэл эл шийдвэртэй зэрэгцэн автобусны буу­дал, яв­ган хүний зам буюу нийтийн эзэмшлийн талбайд барилга барихаар хашаа хатгажээ.

Уг нь Нийслэлийн Засаг дарга, хот тохижилт, үйлчил­гээний газар Улаанбаатарын өнгө зүс, ирээдүйн төлөө зүт­гэж хотыг аль болохоор өнгө үзэмжтэй харуулахыг зорьсон. Гэтэл дайны хажуугаар дажин гэгчээр тэдний хийсэн ажлыг олон нийтэд буруугаар ойлгуулах гэсэн хүмүүс гур­ван давхар үйлчилгээний зориулалттай барилга барихаар ийнхүү улайрч оршин суугчид болон иргэдтэй багагүй тэмцэл өрнүүлээд байна.
Тодруулбал Сонгинохайрхан дүүргийн 16 дугаар хороо­ны нутаг дэвсгэрт байрлах явган хүний замын хажууд өмнө нь жижигхэн ТҮЦ байсан гэнэ. Энэ талаар тус хорооны иргэн Д.Сэржмядаг “Та нар өөрсдөө энэ газарт барил­га барьж болохоор бай­на уу гэдгийг сайн хараарай. Яаж ч бодсон барилга барьж боломгүй газар байгаа биз дээ.
Өмнө нь энд жижигхэн ТҮЦ байсан. Гэтэл жижигхэн ТҮЦ-ийн газарт гурван давхар барилга барихаар зэхэж байгаа нь энэ газар ямар их үнэтэй байгаагийн илрэл шүү дээ. Хотын удирд­лагууд нийслэлд байгаа бүх л ТҮЦ-ийг буулгах юм гэсэн. Энэ нь хотын аль гайгүй гэсэн газрыг булааж авах тэдний шилдэг төлөв­лөгөөний нэг хэсэг байх.
Түүнээс явган хүний зам дээр хэн барилга барих зөвшөөрөл өгөх юм бэ. Тэгээд ч энэ барилгын чанх ард орон сууцнууд байгаа. Одоо ажил нь эхэлбэл оршин суугчид болох биднийг шөнийн цагаар унтуулж амраахгүй, их л төвөгтэй байдал үүсэх гээд байна. Хамгийн гол нь эл барилга хэнийх вэ гэж асуухаар хариулдаг хүн байхгүй. Барилга баригдаад дууссан цагт л эзэн нь ил гарч ирэх байх даа. Манайх шиг ингэж газрын наймааг улайм цайм хийдэг улс орон хаана ч байхгүй биз.
Тиймээс энэ асуудалд хотын дарга Э.Бат-Үүл яаралтай арга хэмжээ авахгүй бол иргэд авто машины замаар явган явах нь байна шүү гэд­гийг хэлмээр байна” гэв. Ямар­тай ч оршин суугчид болон иргэдийн ярьж буй зүйл нь бүгд нүдний өмнө хараг­даж байгаа бодит үнэн дүр төрх.
Чухам дээрх газрыг хэн гэдэг мундагтан эрх мэдлээрээ далайлган авсан бэ гэдэг нь оньсого таавар мэт болоод байна. Бид энэ талаар барилга барьж буй хүмүүсээс асууж лавлах гэсэн боловч тэд хаалгаа онгойлгож өгөөгүй юм. Ер нь нийслэлийн «А» зэрэг­лэлийн нэг га газар нэг сая ам.доллараар зарагддаг гэсэн яриа бий.
Тиймээс жирийн нэг иргэн хотын төвд газар авъя гэж хэчнээн жил хөөцөлдсөн ч мөрөөдөөд барахгүй.
Учир нь эдгээр «А» зэрэглэлийн бүсэд газар олд­доггүй талаар холбогдох албаны хүмүүс учирлан хэл­дэг ч эсрэгээрээ нийслэлийн «топ» гэх бүх газрыг мөнгөтэй эрхмүүд олон сая төгрөгөөр өөрийн болгож авсны нэгэн жишээ дээрх дүүрэгт болоод байгаа үйл явдал билээ. Бас байршлаасаа шалтгаалах дээрх газрууд хэрхэн яаж үнэд орж, газ­рын наймаачдын гараар дам­жиж дараагийн эзэндээ хэдэн төгрөгөөр очиж байгаа нь ойлгомжтой.
Зарим нэг албаны хүмүүсийн хэлж буйгаар газ­рын наймаа хийгчдийг илрүүлэхэд их л амрхан бай­даг гэнэ. Тодруулбал өд­гөө нийслэлд үйл ажиллагаа явуулж буй 20 гаруй барил­гын компани байдаг байна. Тэдгээрээс хэн, хаана ямар хэмжээний газрыг хэний зөвшөөрлөөр авсан бэ гэдгийг судалж үзэхэд эзэн холбогдогчийнх нь гарын үсэг дурайтал бичигдсэн бай­даг аж.
Гэтэл албаныхан өөрсдөө ингэж ярьдаг мөртлөө чухам яагаад газрын нууц ноёдыг илрүүлэхгүйгээр дахин ний­тийн эзэмшлийн газарт газар олгоод байна вэ гэдэг нь тун хачирхалтай хэрэг.
Магадгүй дээрх дүүрэгт баригдаж буй үйлчил­гээний зориулалттай гур­ван давхар барилга хууль бусаар баригдах нь дамжиггүй. Хэр­вээ үнэхээр хэн нэгэн эрх мэдэлтний барилга бол сүндэрлэхээс нь өмнө яарал¬тай арга хэмжээ авах нь зүйн хэрэг байх аа.
Р.Саруул 

Санал болгох мэдээ

Д.Амарбаясгалан: “Ачит Ихт” компанийн 34 хувийг Эрдэнэт үйлдвэрт эзэмшүүлэх шийдвэр гаргалаа

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2024.04.24/ боллоо. Хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл …