Монголын сумдаас анх удаа уран зургийн галерейтай болсон Өндөр гэгээн Занабазарын төрсөн өлгий нутаг болох Өвөрхангай аймгийн Есөнзүйл сумын төвд нээгдсэн “Бурхан бумбын орон” уран зургийн галерейд “Яруу найрагчийн хөрөг”үзэсгэлэнгийн нээлт энэ сарын 11-нд боллоо.
“Бурхан бумбын орон” уран зургийн галерейд Монголын орчин үеийн уран зохиолыг үндэслэгч Д.Нацагдорж, С.Буяннэмэх, Ц.Дамдинсүрэн нараас эхлээд үе үеийн 55 шилдэг найрагчийн хөрөг зургийг Монголын дүрслэх урлагийн манлайлал болсон 25 зураач зурж, хамтарсан “Яруу найрагчийн хөрөг” үзэсгэлэн нь Монголын Зохиолчдын Эвлэлийн түүхт 90 жилийн ойд зориулан дэлгэгдсэн юм.
Энэхүү “Бурхан бумбын орон” галерейг үүсгэн байгуулах санаачилгыг Есөн зүйл сумын уугуул зураач С.Чулуунбаатар гаргасны үндсэн дээр биеллээ олж тухайн нутаг орны зургуудаас гадна орчин цагийн нэртэй зураачид бүтээлүүдээ энэхүү галерейд бэлэглэснээр сан хөмрөг бүрдсэн ажээ.
“Энэхүү галерей нээгдсэнээр тус сумын ард иргэд, хүүхдүүдэд гоо зүйн боловсрол олгохоос гадна аялал жуулчлалын салбарт ч онцгой өөрчлөлт гарна.Галерейгаа түшиглээд төрөл бүрийн сургалт зохион байгуулна. Галерейг санаачилсан зураач С. Чулуунбаатартаа талархаж байна” гэж Есөн зүйл сумын Засаг дарга Д.Мөнхбаяр хэллээ.
Өндөр гэгээн Занабазарын төрсөн нутаг Есөн зүйл суманд ийнхүү урлаг соёл дэвжин дэлгэрэх үүд нээгдэж байна.