Японы мэргэжлийн сүмо бөхийн хаврын тэмцээн Осака хотын сүмогийн ордонд өчигдөр /2019.03.24/ өндөрлөлөө. Хаврын тэмцээний сүүлийн өдрийн барилдаанд их аварга Хакүхо М.Даваажаргал аварга Какүрюү М.Анандаар 15 дахь даваагаа авснаар 42 дахь түрүүгээ хүртлээ.
Мэргэжлийн сүмо бөхийн их аварга Хакүхогийн барилдааны ур чадвар, амжилт, нууцын талаар япон судлаач, сүмо бөх тайлбарлагч Д.Төмөрбаатар “Ёкозүна Хакүхо Мөнхбатын Даваажаргал Хэйсэй эрний сүүлийн башёд ганц ч уналгүй, 15 давж түрүүлэв. 42 дахь түрүүгээ авсан, эдүгээ 34 настай (ахмад бөх гэж хэлүүлэхэд гайхах юмгүй нас) Хакүхо аваргын амжилтын нууц юунд байна вэ? Монголын агуу их аваргын удам, бөхийн авъяас түүнд бий. Гэхдээ том амжилт гаргахад энэ хангалтгүй. Анх сүмод барилдаж эхлэхэд түүнийг аварга болно гэж итгэх хүн олон байсангүй. Эхний үеийн бэрхшээл хүндрэлийг тэр өөрөө ганцаараа даван туулсан (багш дасгалжуулагчид, Монгол Японтолон хүний тус дэм байсан л даа). Дараа үед тэр сүмогийн арга мэх, техник ур чадвараар онцгойрч ирсэн. Хөлс урсгасан бэлтгэл, тэвчээр… Дунд үед сэтгэл зүйн бэлтгэл амжилтынх нь гол нөхцөл болж байв. Сүүл үе рүү гэмтэл бэртэл, өсөн дэвжиж буй залуу сүмочдын өрсөлдөөн Хакүхо аваргаас илүү их ухаан шаардах болов. Өнөөдөр тэрбээр тактикийн барилдаан хийж байна. Гэмтэл бэртэлттэй байхад хүчлэн барилдах зөв үү, тухайн тэмцээнд тухайн бөхтэй яаж барилдах вэ, гэх мэтээр бодож сэтгэх болов. Зөв тактик түүнд өөрт буй хурд, арга мэхээ шавхан барилдах боломжийг олгож байна. Тактикаа улам боловсронгуй болгон барилдвал олон түрүүлэх шинжтэй. Хакүхо аваргын хуримтлуулсан туршлага, мэх, бөх болгонд байхгүй уран тактик дараа дараагийн үеийнхэнд хэрэг болох нь дамжиггүй. Зодог тайлсны дараа Ояаката буюу Дэвжээний захирал болж байж л энэ ажлыг хийнэ! Хакүхо аваргад зүгээр л чин сэтгэлээсээ баяр хүргэе” гэжээ.