АТГ: Монгол банкны ерөнхийлөгч асан Н.Золжаргалыг гурван багц асуудлаар шалгаж байна

Авлигатай тэмцэх газраас гуравдугаар  сард хийсэн ажлуудаа өнөөдөр /2019.03.25/ танилцууллаа. АТГ нь төлөвлөгөөг хяналт шалгалтын хүрээнд 67 албан тушаалтны Хөрөнгө орлогын мэдүүлгийг нарийвчлан шалгаж байна. Үүнээс зөрчил гаргасан хоёр албан тушаалтны цалинг бууруулах шийтгэл ногдуулжээ. Тухайлбал, Зээлийн батлан даалтын сангийн захирлын цалинг хоёр сарын хугацаатай, нийслэлийн 32 дугаар сургуулийн захирлын цалинг нэг сарын хугацаатай бууруулах арга хэмжээ авсан тухай мэдээлэв.

Энэ үеэр АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийн ахлах мөрдөгч, ахлах комиссар Ч.Жаргалбаатар олны анхаарал татсан зарим хэргүүдийн талаар сэтгүүлчдийн асуултад дараах хариулт өглөө.

-ЖДҮХС-гийн зээлтэй холбоотой таван гишүүнийг яллагдагчаар татсан. Энэ хэргийн талаар мэдээлэл өгнө үү?

-Нийт таван гишүүнийг шалгаж байгаа. Удахгүй мөрдөн байцаалт дуусна. Зээл авсан хүн бүрийг буруутай гэж үзэх боломжгүй. Зориулалтын дагуу зээлээ зарцуулж байгаа хэргүүдийг хааж байгаа.

-Монголбанкны Ерөнхийлөгч асан Н.Золжаргалтай холбоотой асуудлыг шалгаж байсан. Энэ хэрэг ямар шатандаа явагдаж байгаа бол? 

-Монголбанкны захирал асан Н.Золжаргалтай холбоотойгоор гурван багц асуудлыг шалгаж байна. Нэгдүгээрх нь,  хүү багатай зээл олгосон, Австри улс руу их хэмжээний мөнгө шилжүүлж, орон сууц худалдан авсан зэрэг асуудлаар мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байна.

Арилжааны банкинд зээл олгохдоо тогтоосон хэмжээнээс  бага хүүтэй зээл олгосон байгаа учраас эргэж хянаж үзээч ээ гэдэг мөрдөгчийн мэдүүлэг Монголбанкинд хүргэсэн. Мөн Австри улс руу санхүүгийн хамтарсан мөрдөн шалгах ажиллагаа явуулах даалгавар хүсэлтээ өгөөд, тодорхой нотлох баримтууд ирсэн. Хоёрдугаар улиралд багтаагаад хэргийн шийдвэрлэх боломжтой гэж үзэж байна.

-Н.Золжаргалтай холбоотой хэрэг дээр Улаанбаатар банканд зээл олгосон асуудал байгаа гэсэн? 

-Хууль бусаар зээл олгосон учраас эргэж хянаж үзээч гэдэг мөрдөгчийн мэдэгдлийг Монголбанканд хүргүүлсэн байгаа.

-Монголбанк болон Санхүүгийн зохицуулах хорооны хэд хэдэн ажилтантай холбоотой хэргийг шалгаж байгаа гэсэн. Энэ талаар тодруулахгүй юу? 

-Монголбанк, СЗХ болон Төрийн банкны ажилтнууд хувьдаа ББСБ-тай гэсэн мэдээллийг дагуу тэдгээр хүмүүсийн ХОМ-т шалгалт хийж байгаа.

-УЕП Д.Дорлигжавтай холбоотой хэрэг ямар шатандаа байгаа вэ.?

-УЕП асан Д.Дорлигжавт холбоотой хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байгаа. Тухайн цаг бүрт нь мэдээлэл өгнө.

С.Зоригийн хэрэгтэй холбоотой асуудлаар хуулийн байгууллагын ажилтнуудыг шалгаж байгаа гэсэн?

-С.Зоригийн амиа алдсан хэргийг гурван шатны шүүхээр эцэслэн шийдэгдсэн. Хэргийг шалгаж байх явцдаа зарим хүнийг эрүүдэн шүүсэн гэсэн асуудлыг шалгаж байгаа. Нотлох баримтуудаа үнэлэх, бэхжүүлэх ажил хийгдэж байгаа. тухайн хэргийг шалгасан нэр бүхий хоёр хүнийг шалгаж байгаа. ШШГЕГ-ын нэг ажилтныг баривчлан шалгаж байгаад сулласан.

-Эрдэнэт үйлдвэртэй холбоотой шүүгчдийг шалгаж байгаа асуудлаар тайлбар өгнө үү? 

-Эрдэнэт үйлдвэрийн асуудалд нэр бүхий шүүгчдийг шалгуулахаар ирүүлсэн хүсэлт байхгүй байна. Зарим нэр бүхий шүүгч өөрийгөө шалгуулья гэсэн хүсэлт тавьсны дагуу шалгаж байгаа асуудал бий.

АТГ-ын мөрдөн шалгах хэлтэст дээр шүүгч нартай холбоотой хоёр төрлийн асуудал шалгагдаж байгаа. Тухайлбал, Үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн шүүгч нар буюу хөрөнгө орлогын мэдүүлгээ үндэслэлтэй тайлбарлаж чадаагүй. Мөн зарим хөрөнгөө мэдүүлээгүй шүүгч нар болон хэрэг шүүх явцдаа авлига авсан байх магадлалтай шүүгчдийн асуудал яригдаж байгаа. АТГ-аас найман шүүгчийн бүрэн эрхийг түдгэлзүүлэхээр прокурорын байгууллагад хандаад байна.

-Талийгаач шүүгч асан Л.Бямбаагийн амь насаа алдсан шалтгаан эцэслэн тогтоогдсон уу? 

-Талийгаач Л.Бямбааг нэг биш нэлээд олон асуудалтай холбогдуулан шалгаж байсан. Энэ хэргийг цагдаагийн байгууллага шалгаж байгаа учир мэдээлэл өгөх боломжгүй байна.

Н.Алт


Санал болгох мэдээ

Д.Амарбаясгалан: “Ачит Ихт” компанийн 34 хувийг Эрдэнэт үйлдвэрт эзэмшүүлэх шийдвэр гаргалаа

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2024.04.24/ боллоо. Хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл …