Олон улсын жүдо бөхийн холбооноос зохион байгуулдаг ээлжит Гран-При тэмцээн Туркийн Анталия хотод өнгөрөгч долоо хоногт боллоо. Энэ удаагийн Гран-при тэмцээнд 75 орны 485 жүдоч өрсөлдөж, шилдгүүдээ тодрууллаа. Манай улсаас Гавьяат тамирчин М.Уранцэцэг, Г.Болдбаатар, Г.Одбаяр тэргүүтэй 19 жүдоч барилдсанаас нэг мөнгө хүртэж, гурван тамирчин шагналт байранд оров.
Эмэгтэйчүүдийн 52 кг-ын жинд МУГТ М.Уранцэцэг Финланд, Унгар, Азербайжан, Бразилын бөхчүүдийг ялж, мөнгөн медаль хүртсэн юм.
Уранцэцэг гавьяатын хувьд өнгөрөгч гуравдугаар сард Гүржид болсон Гран-При тэмцээний 48 кг-ын жинд барилдаж, хүрэл медаль хүртсэн бол энэ удаагийн Гран-При өөрийн үндсэн жин 52 кг-д барилдлаа.
Манай эрчүүдээс 66 кг-ын жинд Г.Хэрлэн шагналт тавдугаар байр, 60 кг-ын жинд Гавьяат тамирчин Г.Болдбаатар, 73 кг-ын жинд Г.Одбаяр нар шагналт долдугаар байрыг эзлэв. Бусад бөхчүүд хоёр, гуравдугаар тойргоос тэмцээнээ дуусгажээ.
Казахстан улсаас оролцож буй М.Отгонцэцэг 48 кг-ын жинд барилдаж, мөнгөн медаль хүртсэн.
Түүний хувьд энэ удаа Казахстаны эмэгтэй багаас ганцаараа Туркэд иржээ.
Анталиягийн Гран-При тэмцээнээс Гүрж, Азарбайжан, Казахстан, Куба, Герман, Турк, Франц, Грек, БНСУ зэрэг 14 орон нэг аваргатай буцсан байна. Харин Монгол Улсын баг Бразил, ОХУ, БНХАУ-ын ард 18-р байрт бичигджээ.