Буянт-Ухаа спорт цогцолбор орчим хэрэгжүүлэх 768 айлын “Орлогод нийцсэн орон сууц”-ны шав тавих ёслолд өнөөдөр болж, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан, Зам, тээврийн хөгжлийн яамны сайд Б.Энх-Амгалан болон бусад албаны хүмүүс оролцлоо.
Энэ үеэр Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан хэлэхдээ “Нийслэл хотод амьдарч буй нийт өрхийн 56 хувь нь гэр хорооллын бүсэд амьдарч байна. Гэр хорооллын айл өрхүүд зах зээлийн үнээр орон сууц худалдан авах боломж дутмаг энэ үед иргэдийн амьжиргааны түвшинг тогтоон, амьдрах орчны сонголт хийх боломжийг бүрдүүлж буй энэ төслийн хамт олонд талархал илэрхийлье. Төслийн тухайд хот өөрсдөө хөрөнгө оруулалт хийн, газрын асуудлыг шийдвэрлэж, инженерийн шугам сүлжээ, дэд бүтцийн асуудлыг зохицуулан ажиллаж, “Нийслэлийн Орон сууцны корпораци” төслийг хариуцан ажиллана” гэв. Мөн “Нийт төслийн 15 хувийг нийслэлийн түрээсийн орон сууцны санд шилжүүлж, 55 хувийг түрээслээд өмчлөх хэлбэрээр иргэдэд олгох бол, үлдсэн 30 хувийг зах зээлд шууд борлуулахаар төлөвлөн ажиллаж байна. 768 айлын орон сууцны ажил нь зөвхөн эхлэл юм. Энэ мэт олон дүүрэг, хороодод барилгажилтын ажлын төсөл хэрэгжих боломж бий. Нийслэл хотоос, хувийн хэвшлийнхэнтэй хамтран нийгмийн болон инженерийн дэд бүтцийг бүрэн хангасан орон сууцны хотхоны бүтээн байгуулалтын ажлыг үүгээр эхлүүлж байгааг иргэддээ дуулгахад баяртай байна” гэдгийг онцолж хэллээ.
“Нийслэлийн орон сууцны корпораци нь өнгөрсөн хугацаанд “Нийслэлийн орон сууц, дэд бүтцийг хөгжүүлэх дэд хөтөлбөр”-ийг боловсруулан батлуулж нийслэлд амьдарч буй бага, дунд орлоготой ард иргэдийг орон сууцжуулах, орлогод нийцсэн орон сууцыг нийлүүлэх, шинэ суурьшлын бүсэд орон сууцны хороолол барьж байгуулах, түрээсийн орон сууцны санг бүрдүүлэх, түрээсийн орон сууцны олон төрөлт хэлбэрийг хөгжүүлэх зэрэг тодорхой ажлуудыг шат дараалалтайгаар хийж гүйцэтгэн ажиллаж байгааг” Нийслэлийн ИТХ-ын тэргүүлэгч, “Нийслэлийн орон сууцны корпораци” ХК-ийн захирал Б.Сүхбаатар хэлэв.
Төслийн хүрээнд 12 давхар 6 блок орон сууцны барилга, 120 хүүхдийн цэцэрлэг, 180 хүүхдийн бага сургуулийн бүтээн байгуулалт сүндэрлэх юм. Нийслэл хот хувийн хэвшлийнхэнтэй хамтран нийгмийн болон инженерийн дэд бүтцийг бүрэн хангасан орон сууцны хотхоны бүтээн байгуулалтын ажлыг үүгээр эхлүүлж байна гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.