Арабын нэгдсэн Эмират улсын Фужайра хотноо Зүүн Азийн жүдо бөхийн холбооны хурал өчигдөр /2019.04.18/ болж, тус холбооны дэд ерөнхийлөгчөөр Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Зандаахүүгийн Энхболдыг сонгосон байна.
Тус ээлжит хурлаар 2020 онд Улаанбаатар хотод болох Олимпын эрхийн оноо олгох Ази, далайн орнуудын аварга шалгаруулах тэмцээний Зохион байгуулах хорооны даргаар З.Энхболд ажиллахаар болсон байна.
Фужайра хотод энэ сарын 20-23-нд Ази, Номхон далайн бүсийн орнуудын жүдо бөхийн аварга шалгаруулах тэмцээн болно. Энэ удаагийн тэмцээнд 39 орны 184 эрэгтэй, 102 эмэгтэй нийт 286 жүдоч ур чадвараа сорин өрсөлдөх юм.
Ази тивдээ төдийгүй дэлхийд танигдсан олон шилдэг жүдочтой Япон, Монгол Улс, БНСУ, Казахстан, Узбекстан, БНХАУ-ын баг тамирчид жин тус бүрт болон багийн тэмцээнд хүч, ур чадвараа сорьж аваргуудаа болон шилдэг багуудаа тодруулна.
Дашрамд дуулгахад, энэ оны нэгдүгээр сард Монголын жүдо бөхийн холбооны Тэргүүн дэд ерөнхийлөгчөөр сонгогдсон З.Энхболд нь “Токио-2020” Олимпын наадамд оролцох Монголын жүдо бөхийн Үндэсний шигшээ багийн ахлагчаар томилогдсон юм.