УДЭТ-ын хамт олон “Театрын өдрүүд” хаврын аялан тоглолтоо Дорнод аймгаас эхэлнэ

Мэргэжлийн урлагийн ууган байгууллага Улсын Драмын Эрдмийн Театрын хамт олон 2019 оны “Театрын өдрүүд” хаврын аялан тоглолтоо Халх голын дайны ялалтын 80 жилийн ойд зориулан 4 сарын 24-ны өдрөөс Дорнод аймгаас эхлэн тоглохоор бэлтгэл ажлаа хангаад байна.
Энэхүү тоглолтын арга хэмжээний талаар иргэд, олон нийтэд мэдээлэл түгээх зорилгоор өчигдөр /2019.04.19/ Дорнод аймгийн Засаг даргын Тамгын газарт Хэвлэлийн бага хурал зохион байгууллаа.
Дорнод аймгийн Чойбалсан хотноо 4 сарын 24-27-ны хооронд тоглох тус аялан тоглолтын зөвлөхөөр МУГЖ Н.Сувд, тоглолтын ахлагчаар СТА С.Болд-Эрдэнэ, Уран сайхны удирдаачаар МУГЖ Ж.Оюундарь нар ажиллаж байна.

Аялан тоглолтын бүрэлдэхүүнд театрын удирдлага, ахмад, дунд, залуу үеийн төлөөлөл болсон нийт 70 орчим уран бүтээлчид оролцох юм.

“Театрын өдрүүд” хаврын тоглолт нь нас насны үзэгчдэд зориулсан үндэсний түүхэн болон орчин үеийн, хүүхдийн зэрэг бүх төрөл жанрын шилдэг бүтээлүүдээс дээжлэн хүргэх бөгөөд Б.Цогнэмэхийн бүтээл “Тэнгэрийн хүү” түүхэн туульсын жүжиг, Л.Өлзийтөгсийн зохиол “Бүсгүйн зурвас” нийгмийн уянгын драм, Э.Оюуны зохиол “Би эндээс явахгүй” уянгын драмын жүжиг, С.Михалковын “Бардам туулай” хүүхдийн жүжиг тус тус тоглогдоно.

Халх голын дайны түүхэн ялалтын 80 жилийн ойд зориулсан тоглолтын нээлтийн арга хэмжээ 4 сарын 24-ний өдрийн 17:30 цагт Чойбалсан хотын Тусгаар тогтнолын талбайд зохион байгуулагдана.

Тоглолтыг Дорнод аймгийн Засаг даргын Тамгын газар, Боловсрол, соёл урлагийн газар, Алтангадас одонт Дорнод аймгийн Хөгжимт драмын театр, “Дорнод медиа” групп тус тус дэмжин ажиллаж байна.

Тоглолтын талаарх дэлгэрэнгүй мэдээллийг: 99199794 утаснаас  лавлаарай.

 

Санал болгох мэдээ

Уран барималч Т.Даваасамбуугийн “Монгол эр хүн” үзэсгэлэн дэлгэгдлээ

“Мөнгөн мод 2023” наадмын  шилдэг дүрслэх урлагийн бүтээлийн шагнал хүртсэн уран барималч Т.Даваасамбуугийн “Монгол эр …