Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо буюу “Орчлон” сургуулийн баруун урд талын авто замын хажуугийн дугуйн замыг хааж, барилга барих гэж байна гэсэн гомдол, мэдээллийг иргэд Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанд ирүүлсэн билээ. Энэхүү мэдээллийн дагуу тус газрынхан нөхцөл байдлыг газар дээр нь очиж шалгахад “Suruga development” ХХК газар шорооны ажил эхлүүлэхээр бэлтгэж байсан тул зохих шаардлага тавьж, дугуйн замыг эвдэхгүй байх үүрэг өгсөн юм.
Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанд өнөөдөр тус компанийнхан албан хүсэлтээ ирүүлсэн бөгөөд энэ сарын 28 буюу ням гариг гэхэд дугуйн замыг чөлөөлж, хэвийн байдалд нь оруулахаа мэдэгджээ. “Suruga development” ХХК нь “Суруга центр-2” үйлчилгээний төв барихаар газар шорооны ажил эхлүүлэх гэж байгаа тул хөрсний нуралт үүсэхээс сэргийлж, дээрх хэсгийн дугуйн замыг түр хаах шаардлагатай болсноо уг албан бичигт дурдсан байна.