Японы нийслэл Токио хотноо энэ сарын 20-21-ны өдрүүдэд Японы 36 дахь удаагийн аварга шалгаруулах каратегийн олон улсын нээлттэй тэмцээн /International Karate Friendship 2019 & The 36th All Japan weight category karate championships/ боллоо.
Киокушин каратэгийн нөхөрсөг нээлттэй тэмцээнд Монгол улсаа төлөөлөн нийт 15 тамирчин бага нас, өсвөр нас, ахмадуудын ангиллын жин тус бүрд өрсөлдсөн юм.
Тэмцээнээс Монголын баг тамирчид нэг алт, хоёр хүрэл медаль авч, түүхэн амжилтын эзэд боллоо. Тодруулбал, Орчлон сургуулийн 2б ангийн сурагч Н.Нэмүн долоон насны ангилалд алтан медаль, 35-39 насны ангиллын +80 кг-ийн жинд ОУККБ-ын Монгол дахь салбар, МККХолбооны Орхон аймгийн Киокушин каратэгийн дожоны багш, дасгалжуулагч, тамирчин З.Нандинзориг хүрэл медаль, 40-44 насны ангиллын -70 кг-ийн жинд Улаанбаатар дожоны нэр дээр оролцсон Ө.Гантөмөр хүрэл медаль хүртэж түүхэн амжилтын эзэд боллоо.
Манай баг тамирчид өмнө нь уг тэмцээнээс медаль авч байгаагүй бөгөөд энэ жил гурван медаль хүртсэн нь түүхэн амжилт байлаа.
Орчлон сургуулийн 2 б ангийн сурагч Н.Нэмүн “International karate friendship-2019” хүүхдийн каратэгийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний долоон насны ангилалд алтан медаль хүртсэн нь Монгол хүн тэр тусмаа Монгол хүүхэд анх удаа каратегийн дэлхийн аварга болж байгаа юм.
Н.Нэмүний хувьд өнгөрсөн жил киокушинкай каратэгийн JOSO Cup-2018 тэмцээнээс хүрэл медалийг хүртэж байсан билээ.