Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Онцгой байдлын ерөнхий газартай хамтран, нийслэлийн Гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулийг Улаанбаатар хотноо 30 жилийн дараа зохион байгуулж буй. Иж бүрэн сургуулийн нээлт өнөөдөр өглөө Сүхбаатарын талбайд болсныг бид мэдээлсэн. Харин одоо Гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулийн Танхимын команд штабын дадлага-сургууль “Crocus event hall”-д үргэлжилж байна.
Танхимын команд штабын дадлага сургуульд УИХ-ын Тамгын газар, ОБЕГ, нийслэлийн төрийн болон төрийн бус байгууллагуудын төлөөллөөс гадна НҮБ-ын байгууллагын суурин төлөөлөгч тэргүүтэй гамшгийн эрсдэл тохиолдсон үед онцгой нөхцөлд ажиллах иргэний нийгмийн байгууллагуудаас хүндэт зочид төлөөлөгчид оролцож байгаа юм.
ОБЕГ-ын дарга, хошууч генерал Т.Бадрал Танхимын команд штабын дадлага сургуулийг нээж хэлсэн үгэндээ “Улаанбаатар хотод сүүлийн жилүүдэд газар хөдлөлийн томоохон голомтууд идэвхжиж, их, бага хэмжээний чичирхийлэл байнга мэдрэгдсэн болсон. Тиймээс бүх нийтээрээ гамшгаас урьдчилан сэргийлэх, авран хамгаалах үйл ажиллагааны талаар мэдлэг мэдээлэл, дадалтай болж, бэлэн байдлыг хангаж хэвших нь нэн чухал болоод байна. Бүх шатны төрийн захиргааны байгууллага болон ААН-үүд, цэргийн албан хаагчид өнөөдрийн команд штабын сургуульд оролцож байна. Газар хөдлөлтийн үед нүүлгэн шилжүүлэх, хээрийн нөхцөлд эрүүл мэндийн тусламж үзүүлэх, гамшгийн аюулд бэлэн байх зэрэг ажлуудыг энэ өдрүүдэд өндөр зохион байгуулалтын дор явуулна. Төгсгөлд нь төрийн захиргааны байгууллагууд үйл ажиллагаагаа дүгнэх, үр дүнг нэгтгэх юм. Монгол Улс хэлтэй, хилтэй, хуультай. Тиймээс хүн болгон иргэнийхээ үүргийг биелүүлж гамшгаас хамгаалах сургуульд идэвхтэй, хариуцлагатай оролцохыг уриалж байна. Та бүхэнд амжилт хүсье” гэв.
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан Танхимын команд штабын сургуульд оролцогчдод хандан “Сүүлийн сар гаруйн хугацаанд бид энэ сургуулийг зохион байгуулахад өндөр ач холбогдол өгч, үр дүнтэй байлгахын тулд ихээхэн анхаарч ажиллалаа. Мөн иргэд, олон нийтийг өргөнөөр татан оролцуулахын тулд нийслэлийн хэмжээн дэх 116 байгууллага, ААН-үүдийн бэлтгэл ажлыг хангалаа. Гамшгаас хамгаалах, урьдчилан сэргийлэх, тэмцэх ажлыг зохион байгуулах мэргэжлийн ангийн хүч бололцоог бодит нөхцөл байдалд хэрхэн зөв төлөвлөж, зөв хуваарилж, зөв зохион байгуулж, харилцан уялдаа холбоотой ажиллуулах тухай болон гамшгийн бэлэн байдлыг хангах асуудлыг дээшлүүлэхэд энэ сургуулийн гол зорилго оршиж байна. Энэ хүрээнд олон ажлууд гурав хоногийн хугацаанд хийгдэнэ. Бид цаашдаа энэ ажлыг жил бүр уламжлал болгон зохион байгуулж, гамшгаас хамгаалах чиглэлээр тодорхой төсөв мөнгийг нийслэлийн төсөвт суулгадаг болно” хэмээн онцоллоо.
Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын нэгдүгээр орлогч Ж.Батбаясгалан “Нийслэлийн гамшгаас хамгаалах иж бүрэн сургууль өнөөдөр албан ёсоор нээлтээ хийлээ. Бэлтгэл ажил бүрэн хангагдаж, өглөө Сүхбаатарын талбайд нийт бие бүрэлдэхүүн бүрэн жагслаа. Одоо Танхимын команд штабын дадлага сургуульд Улаанбаатар хотод дайчилгаатай бүх байгууллага, дээрээс нь нийслэлийн бүх удирдлагууд, тусгай бие бүрэлдэхүүн хамрагдаж байна. Энэ мөчөөс эхлээд хэдэн ч цаг минутад ямар ч цаг үеийн байдал зарлагдсан даван туулахад бэлэн байх өндөр зэрэглэлтэйгээр ажиллаж байна” гэв.
Гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулийн Танхимын команд штабын дадлага сургууль яг одоо ерөнхий цагийн байдлын I чиглэлийн хүрээнд дадлага сургуульд оролцогч байгууллагууд цагийн байдлыг илтгэхэд бэлтгэж байна.