Зарим журмыг хүчингүй болголоо

Нийслэлийн ИТХ-ын хурлын ээлжит XXIV хуралдаан эхэллээ. Өнөөдрийн хуралдаанаар зарим тогтоолыг хүчингүй болгох, “Нийслэлийн нутаг дэвсгэрт хашаа, хайс барих, ашиглах, буулгах журам”-ыг батлах зэрэг асуудлыг хэлэлцэх юм.

Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч Ж.Батбаясгалан нийслэлийн ИТХ-аас баталсан таван тогтоолыг хүчингүй болгох үндэслэл, төслийг төлөөлөгчдөд танилцууллаа. Тухайлбал, нийслэлийн ИТХ-аас 1995 онд баталсан “Нийслэлийн нутаг дэвсгэрт садар самуун үйлдлийг хориглох тухай” 02 дугаар тогтоолыг хүчингүй болгохоор төсөлд тусгажээ. Садар самуунтай тэмцэх тухай хуулийг 1998 онд баталж, түүгээр уг харилцааг зохицуулж буй учир хүчингүй болгохоор болжээ. 2013 онд нийслэлийн ИТХ-ын 3/31 дүгээр тогтоолоор баталсан “Гэр хорооллын дахин төлөвлөлтийн үйл ажиллагааны журам”-ыг хүчингүй болгуулахаар тусгасныг мөн танилцууллаа. УИХ-аас 2015 онд Хот, суурины газрыг дахин хөгжүүлэх хууль баталж, түүнийг дагалдуулж холбогдох журмыг баталсан байдаг. Тиймээс тухайн журмыг хүчингүй болгох нь зүйтэй гээд санал оруулж иржээ. Түүнчлэн мөн 2013 онд баталсан нийслэлийн ИТХ-ын 12/45 дугаартай “Хог тээврийн тариф батлах тухай журам”-ын тогтоолыг хүчингүй болгохоор төсөлд тусгажээ. Үүнээс гадна нийслэлийн ИТХ-аас 2015 онд баталсан ахмад настны нийтийн тээврийн хэрэгслээр үнэ төлбөргүй зорчих, мөн уг онд баталсан 23/02 дугаартай “Газар шинэчлэн зохион байгуулах үйл ажиллагааны журмыг батлах” тогтоолыг хүчингүй болгохоор төсөлд тусгасан байна.

Төлөөлөгчид уг асуудлыг хэлэлцээд “Хог тээврийн тариф батлах тухай журам”-ыг хүчингүй болгож болохгүй гээд ирэх арванхоёрдугаар сар хүртэл хойшлуулах санал гаргав. Мөн хүчингүй болгохоор оруулж ирж буй журмыг сайтар судлах хэрэгтэйг ч хэлсэн юм. Төлөөлөгчид холбогдох албанаас тодруулга авч, саналаа хэлээд “Хог тээврийн тариф батлах тухай журам”-ыг хүчингүй болгох асуудлыг арванхоёрдугаар сар хүртэл хойшлуулав. Харин үлдсэн дөрвөн тогтоолыг хүчингүй болголоо.

Санал болгох мэдээ

Сүхбаатар дүүрэг: “Томуу, томуу төст өвчний үед авч хэрэгжүүлэх арга хэмжээ” сэдэвт сургалт болов

Өнөөдөр Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газар, Эрүүл мэндийн төв хамтран цэцэрлэг, сургуулийн эмч нарт …