МУГЖ Б.Жаргалсайханы охин нийслэлийн “Шилдэг жүжигчин” сурагчаар шалгарчээ

Урлагийн олон сайхан хосуудын нэг МУГЖ Б.Жаргалсайхан, МУГЖ Г.Урнаа нарын охин нийслэлийн Чингэлтэй дүүргийн 23-р сургуулийн 12А ангийн сурагч Ж.Наранжаргал нийслэлийн “Шилдэг жүжигчин” сурагчаар шалгарчээ. Тодруулбал өчигдөр зохион байгуулагдсан нийслэлийн 9 дүүргийн авьяаслаг сурагчдын дунд зохион байгуулагдсан “Бидний театр” жүжгийн уралдааны “Шилдэг эмэгтэй гол дүр” номинацийн эзнээр “Хайрлахын учир” жүжгийн Аялгуугийн дүрээр оролцож ийнхүү шилдгээр шалгарч МУГЖ И.Одончимэгээс шагналаа гарджээ.

МУГЖ Б.Жаргалсайхан, МУГЖ Г.Урнаа нар 2013 онд нэгэн телевизийн нэвтрүүлэгт оролцохдоо “Бид хамтдаа тайз, дэлгэцийн бүтээлд тоглохдоо зургаан удаа хуримаа хийжээ. Мөн үр хүүхэдтэйгээ хамт жүжигт тоглож байсан төдийгүй бага охиноо жүжигчин болгохоор урлагийн замаар явуулж байгаа” хэмээн ярьж байсан удаатай юм. Ийнхүү алдарт аав, ээжийн авьяаслаг охин Ж.Наранжаргал нийслэлийн “шилдэг жүжигчин” сурагчаар тодорч амжилт, алдрын замаа эхлүүллээ.

Энэ дашрамд дуулгахад “Бидний театр” жүжгийн уралдааныг хүүхдийн чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, театрын урлагаар дамжуулан соёл, урлагийн боловсрол олгох, театрын ирээдүйн үзэгчдийг бэлтгэх зорилгоор Нийслэлийн Соёл, урлагийн газраас санаачлан 2018 онд анхлан Нийслэлийн Хүүхэд, Гэр бүлийн хөгжлийн газартай хамтран зохион байгуулж эхэлсэн бөгөөд энэ удаагийн тэмцээнийг уламжлал болгон Нийслэлийн Боловсролын газар, Монгол Улсын Хүүхэлдэйн театртай хамтран зохион байгуулжээ.

Энэ жилийн тэмцээнд 7 дүүргийн 200 орчим сурагчид өөрсдийн сонгосон жүжгээрээ өрсөлдсөн бөгөөд нийт 10.000 гаруй ЕБС-ын сурагчдад үзүүлэн хүүхэд хамгааллын дүрмүүдийг жүжгээр дамжуулан хүргэж оноо цуглуулж шүүгчдийн оноонд нэмэлтээр тооцуулан дүнгээ гаргасан бөгөөд уралдааны Тэргүүн байранд нийслэлийн Чингэлтэй дүүргийн сурагчдын “Хайрлахын учир” жүжиг шалгарчээ.

 

Санал болгох мэдээ

“World Ballet and Dance Grand Prix Mongolia – 2024” олон улсын бүжигчдийн тэмцээн болно

НЗДТГ дэмжлэгтэйгээр “World Ballet and Dance Grand Prix Mongolia – 2024” дэлхийн хэмжээний тэмцээн Улаанбаатар …