Сүхбаатарын талбайн төлбөртэй зогсоолын нэвтрэх хэсгүүдийг лацдлаа

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан өнгөрсөн долоо хоногт Сүхбаатарын талбайн урд хэсгийн 2.5 га талбайг эзэмшиж байсан “Ub constraction” компанийн газар эзэмших эрхийг цуцлах захирамж гаргасан. Анх 2006 онд нийслэлээс уг газарт доороо зогсоолтой усан оргилуур барих төсөл сонгон шалгаруулалт зарлаж,  “Ub constraction” компани шалгарч байсан аж. Гэвч өнөөдрийг хүртэл зориулалтын дагуу ашиглаагүй тул Хотын захирагч С.Амарсайхан газар эзэмших эрхийг нь цуцлах шийдвэр гаргасан юм. Мөн “Ub constraction” компани нь 2016 онд талбайн урд хэсгийг шинэчлэн авто машины зогсоол болгож, олсон орлогынхоо 30 хувийг нийслэлийн Авто замын санд төвлөрүүлэх гэрээг УБЗАА-тай хийсэн ч өнөөг хүртэл нэг ч төгрөг хотод төлөөгүй байна. Тиймээс хотын дарга тус компанийн гэрээг цуцалж, үйл ажиллагааг зогсоох үүргийг холбогдох албаныханд өгсөн.

Хот байгуулалтын асуудал хариуцсан Төслүүдийн удирдагчаар О.Мөнгөншагай “Нийслэлийн Засаг даргын захирамжийн дагуу талбайн урд талын энэ газрын эзэмших эрхийг цуцалсан. Үүнтэй холбогдуулан “Ub constraction” компанид гурав хоногийн дотор талбайг чөлөөлж өгөх тухай хугацаатай албан шаардлага хүргүүлсэн. Шаардлагын хугацаа өнгөрсөн бямба гарагт дууссан. Мөн УБЗАА-тай хамтран ажиллах гэрээг цуцлах тухай мэдэгдлээ өнгөрсөн баасан гарагт тус компанийханд өгсөн. Компанийн зүгээс хоёр пост, хаалтуудаа авч, газраа чөлөөлж өгөх ёстой. Газар чөлөөлсний дараа бид энэ талбайд усан оргилуур барихаар төлөвлөсөн. Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд талбайн газрыг ашиглахдаа улсад нэг ч удаагийн төлбөр төлж байгаагүй. Улаанбаатар хотын захирагчийн алба албан бичиг явуулдаг ч тодорхой хариу ирүүлээгүй байсан. Орлогын 30 хувийг “Нийслэлийн замын сан”-д төвлөрүүлэх ёстой ч, одоогийн байдлаар нэг ч төгрөг төлөөгүй учир бид шүүхэд хандах хуулийн үндэслэлтэй” гэв.

Нийслэлийн газрын  албаны дарга Э.Болорчулуун “2016 онд төсөв сонгон шалгаруулалтаар шийдвэрлэгдсэн байдаг. Энэ газар доороо автомашины  гаражтай  дээрээ усан оргилууртай гэж байсан.  Тухайн үедээ сар бүрийнхээ төлбөрийг төлөөд явж байсан. Харин шүүхээр явсан төлбөрөө төлөөгүй  байгаа” гэлээ.

Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын дэд дарга С.Даваасүрэн “Газар эзэмших эрхийг захирамжаар хүчингүй болгосон учир тус газарт явагдаж байгаа үйл ажиллагаануудыг зогсоох ёстой. Прокурорын байгууллагад мэдэгдсэнийхээ дагуу, зогсож буй машинуудыг гаргаж, нэвтрэх хэсгүүдийн хашилтуудыг лацдах гээд зогсож байна. Үүний дараа хотын удирдлагууд энэ газарт дараагийн үйл ажиллагаануудаа явуулах байх” гэв.

Улаанбаатар хотын Төв талбай буюу Сүхбаатарын талбайн урд талын одоо автомашины зогсоолыг газар эзэмших эрхийг эзэмшиж байсан “Ю Би контракшн” компанийн гэрээг цуцалж, авто зогсоолын үйл ажиллагааг зогсоон, битүүмжилж лацдлаа.  Чөлөөлөгдсөн тус талбайг цаашид хэрхэн ашиглах талаар иргэдээс санал асуулга авах юм байна.

 

Санал болгох мэдээ

С. Амарсайхан: 25 тэрбум төгрөгөөр ОБЕГ-т гал унтраах дрон, хувцас, тоног төхөөрөмж авна

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2024.04.24/ боллоо. Хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар Шадар сайд С. Амарсайхан …