“Нэг бүс, нэг зам” санаачилгын хүрээнд олон улсын хүүхдийн арга хэмжээ энэ сарын 12-25-ны өдрүүдэд хоёр дахь жилдээ БНХАУ-д зохион байгуулагдлаа.
Шанхай, Чунчин, Чэндү, Жухай хотуудад зохион байгуулагдсан уг арга хэмжээнд Хятад, ОХУ, Монгол, Камбож, Вьетнам, Лаос, Мьянмар, Тайланд, Казахстан, Пакистан зэрэг 10 улсын ерөнхий боловсролын сургуулийн бага ангийн 90 гаруй сурагч оролцов.
БНХАУ-ын “Сайн үйлсийн нийгэмлэг”-ээс зохион байгуулж буй энэхүү арга хэмжээнд Монгол Улсаас Б.Амирлан, Б.Энхзул, Т.Мөнхжавхлан, Э.Элдэв-Очир, С.Ананд, Б.Марал, Б.Норовсүрэн, М.Бишрэлт нар оролцсон юм. Энэ онд Улаанбаатар хотноо зохион байгуулагдсан “Монгол, Хятадын найрамдалт харилцаа”, “Хятад дууг хэн сайн дуулах вэ?”, “Миний бүтээл” зэрэг сэдэвт зураг, дуу, гар бүтээлийн уралдаанд шалгарсан “Монголын Хүүхдийн ордон”, “Хүүхдийн урлан бүтээх төв”, “Хүүхэд, залуучуудын Сургалт хүмүүжлийн тусгай цогцолбор” болоод нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн 10-12 насны сурагчид оролцсон юм.
Олон улсын арга хэмжээнд оролцсон сурагчид БНХАУ-ын Шанхай хотын “Шинжлэх ухаан, технологийн музей”, “Чибао” эртний түүхт хотхон, Чунчин хотын “Ардын их танхим”, “Дундад иргэн улсын гудамж”, орон сууцны дундуур тавигдсан метроны бүтээн байгуулалт, Чэндү хотын “Панда үржүүлгийн газар”, “Байгалийн музей”, Жухай хотын “Чанлун” аялал жуулчлалын төв, “Хонконг-Жухай-Макаог” холбосон далай дээрх гүүр зэрэг олон түүхт дурсгалт газруудад зочилж, Хятадын түүх, соёл, эдийн засгийн хөгжил, өндөр технологийн хурдацтай танилцав.
БНХАУ-ын дунд сургуулиудаар зочилсон сурагчид маань үе тэнгийн найз нартайгаа хамтран зураг зурж, гар урлалын бүтээл хийж, урлагийн тоглолт үзүүлж, спортын арга хэмжээнд оролцож, өөр өөрсдийн түүх соёл, ёс заншлаас харилцан суралцаж явлаа. Түүнчлэн “Миний эх орон, миний мөрөөдөл” сэдэвт олон улсын форумд “Орхон-Эмпати” сургуулийн 6-р ангийн сурагч Б.Норовсүрэн илтгэл тавьж, эх орныхоо талаар танилцуулга хийж, өөрийн хүсэл мөрөөдлөө хүүхдүүдтэй хуваалцсан юм.