Хотын Захирагч С.Амарсайханы онцлох 8 эшлэл

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан “Ил тод худалдан авах ажиллагаа 2019” арга хэмжээг нээж хэлсэн үгнээс онцлох 8 эшлэлийг хүргэж байна.

  1. Засгийн газар, Нийслэлийн Засаг даргын 2020 он хүртэлх үйл ажиллагааны хөтөлбөрт худалдан авах ажиллагааг цахим системд шилжүүлж, бүрэн ил тод нээлттэй болгох зорилтыг тусгасан. Үүнтэй холбогдуулан нийслэлийн тендерүүдийг 100 хувь цахимаар зохион байгуулна. Мөн тендер зохион байгуулах хугацааг эрс багасгана. Тендерийн нээлт хийсний дараа 23 хоногт багтааж, сонгон шалгаруулалтын дүнг гаргана.
  2. Цаашид тендер шалгаруулалтыг улс, нийслэлийн төсөв батлагдсаны дараа буюу тухайн оны 1-2 дугаар сард зохион байгуулдаг, бүтээн байгуулалтын ажлыг гуравдугаар сараас эхлүүлдэг байхаар судалж байна.
  3. Тендер шударга, нээлттэй, ил тод, шилэн, хуулийн хүрээнд хэрэгждэг байх ёстой. Тендер бүрийн цаана нийслэлчүүдийн ажил, амьдрал явж байдаг. Нийслэлчүүдийн ажиллаж, амьдрах орчин нөхцөлийг сайжруулах, эрүүл мэнд, боловсролын салбарын үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх, Улаанбаатар хотын бүтээн байгуулалтын ажлууд үүний ард байдгийг мартах учиргүй.
  4. Тендерийн үйл ажиллагаанд булхай луйвар, авлига орно гэдэг нь, тендерээс хувь авна гэдэг нь хотын хөгжлийг хойш чангааж, та бид өөрсдийнхөө сайн сайхан амьдрах ИРЭЭДҮЙГЭЭС, БОЛОМЖООСОО хулгай хийж байгаагаас өөрцгүй хэрэг юм.
  5. Тендерт оролцож, үнэнч шударгаар ялалт байгуулан, ажил үйлчилгээ хийж хэрэгжүүлэхийг зорьж байгаа аж ахуйн нэгж, компаниуд одооноос эхлэн албан тушаалтны “гарыг хүндрүүлдэг” 10 хувиа ажлаа чанартай, зарласан хугацаанд нь хийж гүйцэтгэхдээ зарцуулаг. Тэр 10 хувиараа АЖЛЫН БАЙР бий болгож, 10 ХҮН ЦАЛИНЦУУЛЖ, 10 ГЭР БҮЛД ТУС НЭМЭР болог.
  6. Би Нийслэлийн Засаг даргын хувьд тендерийн наймаатай хэзээ ч эвлэрэхгүй. “АВЛИГАГҮЙ УЛААНБААТАР”-ын төлөө ажиллах болно.
  7. Төрийн алба “АВЛИГЫН ХАР АВДАР”-тай болж, зарим албан хаагчид ажил хийхээс илүүтэй тендерийн хувь хүртэх, авлига авахад гол анхаарлаа хандуулдаг болсны уршгаар тендерийн гүйцэтгэлийн хугацаа хойшилдог, чанаргүй бараа үйлчилгээ, бүтээгдэхүүн нийлүүлдэг болсон нь нууц биш.
  8. Иргэд хоорондоо бүлэг болж гэрээ байгуулаад, өөрсдөдөө байгаа нөөц боломжоо ашиглан, олон нийтийн оролцоотой худалдан авах ажиллагаанд оролцох боломж ч бий гэдгийг дуулгах нь зүйтэй.

 

Санал болгох мэдээ

Сүхбаатар дүүрэг: “Томуу, томуу төст өвчний үед авч хэрэгжүүлэх арга хэмжээ” сэдэвт сургалт болов

Өнөөдөр Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газар, Эрүүл мэндийн төв хамтран цэцэрлэг, сургуулийн эмч нарт …