-УИХ-ын гишүүдийн төсөв өмнөх оныхоос 4.8 тэрбумаар нэмэгджээ-
УИХ-ын гишүүдийн цалин бага байна хэмээн Су.Батболд гишүүн өчигдөр Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан дээр гомдолложээ. Олон жилийн өмнө тогтоосон гишүүдийн тусгай хангамжууд өнөөдрийг хүртэл нэмэгдээгүй байгаад эрхэм гишүүн сэтгэл дундуур явдаг юм байна. Тухайлбал гишүүдийн унадаг унааны бензин шатахуун, барьдаг гар утасны нэгжийн мөнгө сүүлийн жилүүдэд нэмэгдээгүй байгаа гэнэ. Су.Батболд гишүүний хувьд дээрх тусгай хангамжууд болон цалингаа нэмүүлэх хүсэлтэй байгаагаа ийнхүү илэрхийлсэн байна. УИХ-ын гишүүдийн цалин дунджаар нэг сая орчим төгрөг. Энэ бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх мөнгө. Дундаж орлоготой иргэнээс хоёр дахин их цалин халаасалдаг эрхэм гишүүд түүнийгээ голж чамлаж байгаа бол хоёр идэхгүй, хоосон хонохгүй бор хоногийг аргацааж яваа төрийн албан хаагчид, хувийн хэвшилд бор зүрхээрээ зүтгэж байгаа хүмүүс яах болж байна вэ.
Төрийн байгуулалтын байнгын хорооны өчигдрийн хуралдааны өөр нэг сэдэв нь УИХ-ын Тамгын газрын ажилтнуудын цалинг нэмэх тухай байжээ. УИХ-ын Тамгын газрын ажилтнуудын дундаж цалин 500-600 мянган төгрөг. УИХ-ын гишүүдийн зөвлөхийн үндсэн цалин 645 мянга, туслахуудынх 470 мянга, бие төлөөлөгч нарынх 500 мянган төгрөг юм байна. Үүн дээр нь олон жил ажилласан болон албан тушаал, зэрэг дэвийн нэмэгдэл, онцгой байдлын, албан томилолтын мөнгө нэмэгдээд уг нь боломжийн цалин авдаг ажээ. Харин УИХ-ын гишүүд үүнийг бага гэж үзэж байна. Засгийн газар ирэх оны төсвийн төслийг боловсруулахдаа аль болох бүсээ чангалах бодлого барьсан гэж мэдэгдэж байгаа. Гэтэл хууль тогтоогчид өөрсдийнхөө цалин хангамжийг нэмэгдүүлэхэд санаа тавиад эхэллээ.
Уг нь гадаадын улс орнуудын парламентын гишүүд өөрсдийн цалин хангамжийнхаа хэмжээг бууруулах шийдвэр гаргадгаас биш нэмэх тухай огт ярьдаггүй. АНУ, Япон, Солонгос зэрэг улсын парламент гишүүдийнхээ цалин, хангамжийг бууруулах чиглэл баримтлахаа мэдэгдэж, үүнийг нь гишүүд нь дэмжжээ. Японы парламент л гэхэд гишүүдийнхээ цалинг 30 хувь, урамшууллыг 50 хувь бууруулах шийдвэр гаргасан байна. Харин манай УИХ-ын гишүүд өөрсдийнхөө цалин, хангамжийг жилээс жилд нэмэгдүүлсээр ирсэн. Нэг тэрбумд хүрээд зогссон “Гишүүдийн мөнгө” үүний тод жишээ. Анх 2004 онд тухайн үеийн парламент гишүүддээ тойрогтоо хийх ажилд нь зориулж 10 сая төгрөг төсөвлөсөн нь жил дараалан нэмэгдэж, 100 сая, 250 сая, 500 сая гэх мэтээр өссөөр 2009 онд нэг тэрбум төгрөгт хүрсэн билээ. Ийнхүү УИХ-ын гишүүн өөрийн нэрээр тойрогтоо нэг тэрбум төгрөг хуваарилуулан, уг мөнгийг захиран зарцуулахад нь шууд оролцдог байсан. Үүн дээрээ нэмээд хууль боловсруулах ажилд зориулсан мөнгө гэж гишүүн бүр жилд 35 сая төгрөг төсвөөс авдаг байв. Түүнчлэн 2008 оны УИХ-ын ээлжит сонгуулийн дараа бүрдсэн парламентын гишүүд туслахуудынхаа тоог нэмэгдүүлж, өөрсдийн эрх ямбыг өргөжүүлэхээр зүтгэж байсан удаатай.
Ер нь сонгууль бүрийн дараа УИХ-ын гишүүд ийнхүү цалин, хангамжаа нэмүүлэх гэдэг. Су.Батболд тэргүүтэй гишүүдийн гомдол ийм л зуршлынх нь илрэл юм.
Монгол Улсын 2014 оны төсвийн төслийг УИХ-аар ид хэлэлцэж байна. Ирэх жил улс орны эдийн засаг, санхүү ямар байх, хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын цар хүрээ хэр нэмэгдэх, иргэдийн амьдралд ямар өөрчлөлт гарах вэ гэх мэт амин чухал асуудлуудыг тодорхойлохоор парламентын танхимд суугаа хууль тогтоогчид өөрсдийнхөө цалин, хангамжийг чамлан гомдоллох нь ёс зүйн хувьд зохисгүй юм. Энэ бол УИХ-ын гишүүдийн эрх ашгийн эрэмбэ алдагдаж, бүр урвуугаар эргэснийг харуулж байна. Улс орны асуудлыг хэлэлцэхгүй өөрсдийн цалинг нэмье гээд орилолдож байгаа түшээдийн үйлдлийг өөрөөр яаж тайлбарлах вэ.
Өнгөрсөн долдугаар сарын 08-нд УИХ-ын Төсвийн байнгын хорооны хуралдаанаар ирэх 2014 оны төсвийн төслийн танилцуулгыг хийх үед гишүүд мөн л цалин, хангамжаа нэмэгдүүлэх талаар олон санал гаргаж байсан юм. Тухайлбал туслах, бие төлөөлөгчийнхөө тоог олшруулах, ингэхдээ жагсаалтаар сонгогдсон гишүүдийн бие төлөөлөгчдийг хасан тойргоос сонгогдсон гишүүдэд нэмж өгөх нь зүйтэй гэсэн саналаас болж гишүүд ард түмнээс сонгогдсон, намаас сонгогдсон хэмээн талцан маргалдаж байсныг санаж байна. Ийнхүү гишүүд бие төлөөлөгчийнхөө тоог нэмэхээр улайрч байгаа нь өөрсдөдөө хуваарилагдах цалин хангамжаа нэмэгдүүлэх л гэсэн оролдлого. Түүнчлэн УИХ-ын гишүүд томилолтын мөнгөө чамлаж, ирэх оны төсөвт энэ мөнгийг нэмэгдүүлэх хэрэгтэй гэж байв. Тэр ч байтугай Төрийн ордонд гишүүдэд зориулсан бялдаржуулах танхим нээх санал гарсан ч Ц.Оюунбаатар гишүүн “Олны хэл амны бай болно” гэж анхааруулснаар дэмжлэг аваагүй юм. Эндээс харахад манай эрхэм гишүүд болж л өгвөл өөрсдийн цалин, хангамжаа сайжруулж, тансаглал чамирхалаа улам нэмэгдүүлэхийг боддог ажээ. Юутай ч ирэх жилийн төсвийн төслөөс харахад 2014 онд УИХ-ын гишүүдийн бүрэн эрхээ хэрэгжүүлэхэд шаардагдах нийт төсөв 22 тэрбум 931 сая төгрөг байна. Энэ нь өмнөх оныхоос 4.8 тэрбум төгрөгөөр нэмэгдсэн үзүүлэлт. Ирэх жил УИХ-ын нэг гишүүн улсын төсвөөс 301 сая төгрөг зарцуулахаар байгаа юм. Үүн дээр нэмээд гишүүдийн гадаад арга хэмжээний зардал, байнгын хороодын төсөв зэрэг нэлээд хэмжээгээр нэмэгдэнэ. Мөн гишүүд өрөөнийхөө тавилгыг шинэчилнэ. 2014 оны төсөвт захиргааны зардал, урсгал зардлыг боломжит хэмжээнд хүртэл хасч танаж байгаа гэж буй ч УИХ-ын гишүүдийн хувьд тусгай хангамж, зардал нь ийнхүү өсчээ. Гэтэл үүндээ сэтгэл ханахгүй цалингаа нэмүүлье гээд байгааг эрүүл ухаанаар ойлгох арга алга.
Ирэх 2014 оны төсвийн төсөлд УИХ-ын гишүүдийн төсвийг дараахь байдлаар тусгажээ.
1.Улсын Их Хурлын гишүүний бүрэн эрхээ хэрэгжүүлэх үйл ажиллагаатай холбоотой зардлыг Улсын Их Хурлын 2008 оны 28 дугаар тогтоолоор баталсан хэмжээгээр тооцож 8687.1 сая төгрөгөөр тусгав.
2.Улсын Их Хурлын Байнгын хороо, Улсын Их Хурал дахь нам, эвслийн бүлгээс өөрийн төсөвтэй холбоотой ирүүлсэн саналыг төсвийн төсөлд тусгав. 2013 оны төсвөөс Улсын Их Хурлын нэг байнгын хорооны төсөв дунджаар 8.9 сая төгрөгөөр өсөхөөр тооцогдсон болно.
3. Улсын Их Хурлын Тамгын газрын болон Улсын Их Хурал дахь намын бүлгийн ажлын албаны ажилтнуудын цалин хөлс, унаа, хоолны хөнгөлөлтийн зардлыг 2013 оны түвшинд буюу 8191.7сая төгрөг байхаар тооцов.
4. Монгол улсын хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэр, Ерөнхийлөгчийн зарлиг, Засгийн газрын тогтоол, Үндсэн хуулийн цэцийн шийдвэр болон яам агентлагаас гаргасан бүх нийтээр дагаж мөрдөх эрх зүйн хэм хэмжээг тогтоосон актыг 7 хоног тутам хэвлэн нийтэлдэг Төрийн мэдээлэл эмхэтгэлийг үнэ төлбөргүй хэвлэх, түгээхээр тооцож энэ зардалд 241.0 сая төгрөг төсөвлөв.
5. Байгууллага иргэдээр захиалгат судалгаа шинжилгээ хийлгэх шаардлагыг харгалзан мэдээлэл сурталчилгааны зардлыг 2013 оныхоос 358.7 сая төгрөгөөр нэмэгдүүлж 3613.1 сая төгрөгөөртооцов.
6.Төрийн мэдээлэл эмхтгэлийг үнэ төлбөргүй хэвлэх, түгээхтэй холбогдуулан борлуулалтын орлого 100.0 сая төгрөгийг 2014 оноос эхлэн хасахаар төсвийн хязгаарын төсөлд тусгав.
7.Улсын Их Хурлын гадаад харилцааг харилцаа өргөжиж байгаа болон вальютын ханшны өсөлттэй уялдуулан гадаад арга хэмжээ, гадаад зочны зардлыг 2013 оны түвшнээс тус тус 100.0 сая төгрөгөөр нэмэгдүүлж тооцов.
Хөрөнгө оруулалтын 2014 оны төсвийн төслийн хувьд Засгийн газраас Төсвийн хязгаар баталж ирүүлээгүй тул УИХ-аас Сангийн яаманд хүргүүлсэн 2014 оны төсвийн хязгаарын саналын түвшинд байхаар тооцсон болно. Үүнд:
Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдааны болон байнгын хороодын хуралдааны танхимуудын камерын болон санал хураалт, микрофоны системийг шинээр авч тавих, шинэчлэх зардалд шаардагдах хөрөнгийг 2555.0 сая төгрөгөөр тооцов.
Өргөдлийн байнгын хорооны үйл ажиллагаанд шинээр авч ашиглах програм хангамж цахим хуудас, техник хэрэгсэлд шаардагдах хөрөнгийг 67.0 сая төгрөгөөр тооцож тусгав.
АБГББХорооны гишүүдэд компьютерын хаалттай дотоод сүлжээ шинээр үүсгэх зардлыг 50.0 сая төгрөг өөр тооцов.
Хуралдааны танхимуудад явагдаж байгаа хуралдааныг дотоод сүлжээгээр шууд дамжуулах 5 суваг, эфрийн 5 суваг нийт 10 суваг бүхий жижиг студи байгуулах зардлыг 65.0 сая төгрөгөөр тооцож тусгав.
Ажилтнуудын бялдаржуулах танхимын техник хэрэгслийг сайжруулах, шинэчлэх шаардлагыг харгалзан зарим техник хэрэгсэл, тоног төхөөрөмж худалдан авах зардлыг 70.0 сая төгрөгөөр тооцож тусгав.
Улсын Их Хурлын гишүүдийн албан конторын тавилгыг шинэчлэх шаардлагатай гэж үзэж 500.0 сая төгрөг төсвийн төсөлд тусгав.
УИХ-ын гишүүд, Тамгын газрын ажилтнуудын орон сууцны дэмжлэгт зориулан 240.0 сая төгрөгтусгасан болно.
Монгол Улсын Их Хурал, Улсын Их Хурлын гишүүдийн бүрэн эрхээ хэрэгжүүлэхэд шаардагдах 2014 оны төсвийн төслийн нийт зардлын хэмжээг 22411.1 сая төгрөгөөр, үүнээс урсгал төсвийн төслийг 18553.3 сая төгрөгөөр, хөрөнгө оруулалтаар санхүүжигдэх төсвийн хүрээний төслийг 3857.8 сая төгрөгөөр тооцов.
2013 оны батлагдсан төсвөөс урсгал төсвийн төсөл 927.6 сая төгрөгөөр буюу 4.6 хувиар, хөрөнгө оруулалтын төсвийн төсөл 3404.6 сая төгрөгөөр буюу 8.2 дахин нэмэгдэхээр байгаа болно.
Улсын Их Хурлын 2014 оны төсвийн төсөлд УИХ-ын гишүүний төсөв 46.8.хувь, Байнгын хорооны төсөв 2.4 хувь, нийтлэг үйл ажиллагааны төсөв 17.0 хувь, УИХ дахь нам эвслийн бүлгийн төсөв 4.5хувь, Тамгын газрын төсөв 28.1хувийг тус тус эзлэхээр байгаа болно.
Эх сурвалж: ийгл.мн Г.Сонинбаяр