Тус улсад ажиллаж, амьдарч байхдаа санаатайгаар бүлэглэн хулгай хийж байсан Монгол улсын иргэн 3 залууг саатууллаа гэж өнөөдөр Сөүл хотын Намдэмүн дэхь цагдаагийн газраас мэдээллээ.
Дөнгөж 20-25 настай эдгээр Монгол залуус нь хүн амын хөдөлгөөн ихтэй хотын гудамжаар амарч, зугаалан яваа Солонгос залуу бүсгүйчүүдийн халаас, цүнхнээс гар утсыг бүлэглэн хулгайлахдаа 2 нь тухайн хохирогчийн анхаарлыг өөр тийш хандуулан хажуугаар нь зөрөх , эсвэл зогсох мэтээр хаалт болж өгдөг үүрэг гүйцэтгэдэг байсан бол нэг нь энэхүү сиймхийг ашиглан орчин үеийн үнэтэй смарт утсуудыг хулгайлдаг байсан байна.
Тэд өнгөрсөн 10 сарын 1-ний өдөр Сөүл хотын Ёиду дүүрэгт болсон Олон улсын салютын наадам дээр очиж нэлээдгүй тооны утас хулгайлж амжсан ба эдгээр Монгол залуус одоогийн байдлаар нийтдээ 11 удаагийн үйлдлээр, 8 сая 300 мянган воны үнэ бүхий утас хулгайлсан нь илэрчээ. Эрхэлсэн тодорхой ажилгүй дээрх Монгол залуусын Солонгос улсад ирсэн зорилго, өнөөг хүртэл хэрхэн амьдарч ирсэний шалгаж эхэлсэн цагдаагийн газар,тэд өөр олон тооны хулгайн гэмт хэрэг үйлдсэн байж болзошгүй хэмээн үзэж, тэдэнд эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэллээ гэж мэдээлэлжээ.
эх сурвалж: mglradio.com