Нийслэлийн ИТХ-ынхан хот орчмын ногоон бүсэд ажиллалаа

Бүх нийтээр мод тарих өдрийг тохиолдуулан нийслэлийн ИТХ, хурлын Ажлын албаныхан, нийслэлийн Байгаль орчны газрынхан хот орчмын ногоон бүсэд ажиллалаа.

Цэвэрлэх байгууламжийн лагийг боловсруулан гаргаж авсан бордоо ашиглав

Улаанбаатар хотын ногоон байгууламжийг нэмэгдүүлэн, тоосжилтыг бууруулах зорилгоор Сонгинохайрхан дүүргийн XXI хороо, Жаргалант тосгонд БНСУ-ын Инчёон хоттой хамтран “Мөрөөдлийн ой” төгөл байгуулж буй. Нийслэлийн Байгаль орчны газраас өнгөрсөн онд тус төгөлд 10 000 мод суулгасан бол өнөө жилийн бүх нийтээрээ мод тарих өдрийн хүрээнд 10 га газарт, 8000 мянган мод суулгахаар төлөвлөсөн байна. Энэ хүрээнд нийслэлийн ИТХ-ын дарга Р.Дагва, Хурлын төлөөлөгчид, ажилтнууд, Сонгинохайрхан дүүргийн XXI хорооны удирдлага, иргэд хамтран гурван төрлийн мод тарьсан юм. Мөн тус арга хэмжээнд нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч, нийслэлийн Засаг даргын орлогч, Агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан төслүүлийн удирдагч Д.Мөнхжаргал, БХБЯ-ны төлөөлөл, нийслэлийн Байгаль орчны газрынхан, Жаргалант тосгоны удирдлага, иргэд, оршин суугчид оролцсон юм.

“Мөрөөдлийн ой” төгөлд суулгасан моддыг органик бордоогоор бордож буй нь өнөө жилийн мод тарих үйл ажиллагааны онцлог байв. Тодруулбал, нийслэлийн Байгаль орчны газар, БХБЯ-ныхан хамтран Төв цэвэрлэх байгууламжаас гарч буй лагийг боловсруулж, хар шороон хөрс болон байгалийн органик бордоо гарган авч байгаа билээ. Тус бордоо нь химийн нэмэлт бодисгүй бөгөөд эрдсээр баялаг. Ойн хөрсний үнэртэй, ашигтай амьд бактер агуулсан тул хөрсний амьсгалах чадварыг дээшлүүлэхийн зэрэгцээ ус хуримтлуулах чадварыг нь нэмэгдүүлэх ач холбогдолтой. Нийслэлийн Байгаль орчны газрын дарга Э.Баттулга “Төгөл байгуулж буй талбай өмнө нь хогийн цэг байсан юм. Өнгөрсөн жил бид төгөлд улиас тарьсан. Харин энэ жил хайлаас тарих юм. Хайлаас төгөл байгуулсан хэсгийн хөрсөнд тариалахад тохиромжтой мод” гэсэн юм. Нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч, нийслэлийн Засаг даргын орлогч, Агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан төслүүдийн төслүүдийн удирдагч Д.Мөнхжаргал “Орчны бохирдлыг бууруулах нэг том шийдэл нь ногоон байгууламжийг нэмэгдүүлэх. Мөн ойн бүсэд холбогдох дүрэм, стандартыг мөрдүүлэх шаардлага бий. Ойн бүс, усны ундарга орчимд ажиллаж, амьдарч буй иргэд бие засах газраа ч стандартын дагуу барьж байгуулах нь чухал. Цаашид ойжуулалтыг нэмэгдүүлэхийн зэрэгцээ тодорхой стандартыг мөрдүүлж ажиллана” гэлээ.

Э.Баттулга: “Зуслан” апплейкшныг ирэх сараас ашиглалтад оруулна

Нийслэлийн ИТХ-ын дарга Р.Дагва, Хурлын ажлын алба, нийслэлийн Байгаль орчны газрынхан бүх нийтээр мод тарих өдрийн хүрээнд “Зуслангийн мэдээллийн төв”-д ажиллав. Улаанбаатар хотын зуслангийн бүсэд аюулгүй байдлыг хангуулж, иргэдэд төрийн үйлчилгээ үзүүлэх, холбогдох дүрэм, журмыг бүрдүүлэхээр нийслэлийн Байгаль орчны газрынхан тус төвийг ажиллуулж буй. Албаны хүмүүсийн мэдээлж буйгаар хот орчмын зуслангийн бүсэд жилд 50 000 өрх зусдаг байна. Тэгвэл тус төвийнхөн тухайн иргэдэд төрийн үйлчилгээ үзүүлэхийн зэрэгцээ, орчны бохирдол үүсгэхгүй байх чиглэлээр арга хэмжээ авч буй. Тухайлбал, сул газрыг хамгаалалтдаа авч, хур хогийн цэг үүсгэхээс хамгаалдаг байна. Мөн усны хамгаалалтын бүсийг мөрдүүлж, иргэд дур мэдэн худаг гаргах зэрэг байгаль орчинд халтай үйл ажиллагаа явуулахыг ч хянаж байгаа аж.

Гэвч мэдээллийн төвийн ажилчдын байр жижиг, хангамж тааруу аж. Нийслэлийн ИТХ-ын дарга Р.Дагва тухайн төвийн үйл ажиллагаатай танилцаад, төвийн үйл ажиллагааг сайжруулахад анхаарч ажиллахаа хэлсэн юм. Энэ хүрээндээ Улаанбаатар хотод ганц байдаг уг төвийн байр, хангамжийг сайжруулах боломжийг судалж, арга хэмжээ авна гэлээ. Нийслэлийн Байгаль орчны газрын дарга Э.Баттулга ойрын хугацаанд ийм төв дахин байгуулахаар ажиллаж байгаагаа нийслэлийн удирдлагад хэлсэн юм. Мөн ирэх сараас ашиглалтад оруулах “Зуслан” апплейкшны талаар танилцуулсан. Иргэд тухайн апплейкшнаас байгаль, орчны болон төрийн үйлчилгээ авах өөрт ойрхон салбарыг мэдэж болно. Мөн өргөдөл, гомдлоо түүгээр дамжуулах боломжтой бөгөөд холбогдох албаны мэргэжилтнүүд санал, гомдлыг тухай бүрт нь шийдвэрлэх юм.

Энэ оны эхний таван сарын байдлаар 19 амьтныг эмчилжээ

Нийслэлийн ИТХ-ын дарга Р.Дагва тэргүүтэй холбогдох албаныхан үргэлжлүүлэн “Зэрлэг амьтан хамгаалах, асрах төв”-д ажиллалаа.

Суурьшлын бүсийн тэлэлт, хур тунадасны горим өөрчлөгдсөний улмаас ойн дагалдах баялаг буюу самар, жимсний гарц багасаж буй гэнэ. Үүний улмаас зэрлэг амьтад хоол тэжээл хайх зорилгоор суурьшлын бүс рүү орж, ихэнх тохиолдолд нохойд хазуулж бэртэх нь элбэг аж. Мөн авто зам руу орж, машинд мөргүүлэх зэргээр гэмтдэг ажээ. Тиймээс гэмтсэн амьтдыг хамгаалах зорилгоор “Зэрлэг амьтан хамгаалах, асрах төв”-ийг өнгөрсөн онд байгуулжээ. Энэ оны эхний таван сарын байдлаар тус төвийнхөн 19 амьтны бэртгэлийг эдгээж, байгальд нь тавьсан байна. Ийм төрлийн үйл ажиллагаа явуулдаг байгууллага Монгол Улсад ганц л бий. Тиймээс Улаанбаатар хот орчмын ногоон бүсийнх гэлтгүй орон нутгаас ирсэн бэртэлтэй амьтдыг ч эмчилдэг байна.

Нийслэлийн ИТХ-ын дарга Р.Дагва тус төвийн үйл ажиллагааг сайжруулахад тодорхой дэмжлэг үзүүлж, холбогдох албаныханд үүрэг, чиглэл өгөхөө энэ үеэр хэлсэн юм.

Нийслэлтэй хамгийн ойр дагшин газар нь “Сэлбэ голын эх”

Улаанбаатар хоттой хамгийн ойр, бор гөрөөс зэрэг амьтад нутагладаг газар нь Их Баяны ам орчим юм. Энэ төвийн үйл ажиллагаатай Хурлын дарга мөн танилцлаа. Нийслэлийн Байгаль орчны газрынхан ан, амьтад болон Улаанбаатар хотын ундны усны эх үүсвэрийг хамгаалахаар “Сэлбэ голын эх” хэмээх Монголын анхны хамтарсан менежменттэй орон нутгийн хамгаалалттай газрыг 2018 онд байгуулсан юм. Улмаар иргэдийг тухайн хэсгээр очиж, амрахад тохьтой байлгах үүднээс тохижуулж эхэлжээ.

Тэнд нярай хүүхэдтэй эхчүүд олноор очдог тул замыг нь сайжруулж, бие засах газар, амарч суухад тохиромжтой сүүдрэвч, автомашины 40 зогсоол зэргийг байгуулсан байна. Ирэх жилүүдэд тохижилтыг улам сайжруулах аж.

Нийслэлийн ИТХ-ын ХМОНХТ

 

Санал болгох мэдээ

Сүхбаатар дүүрэг: “Томуу, томуу төст өвчний үед авч хэрэгжүүлэх арга хэмжээ” сэдэвт сургалт болов

Өнөөдөр Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газар, Эрүүл мэндийн төв хамтран цэцэрлэг, сургуулийн эмч нарт …