О.Анужин “Ромео, Жульетта” балетад гоцлоно

Монголын сонгодог урлагт шинэ өнгө төрх нэмж ирсэн “Их Эзэн хааны театр”-ын уран бүтээлчид “Ромео, Жульетта” бүжгэн жүжгийг энэ сарын 17, 18-ны өдөр үзэгчдэд хүргэхэд бэлэн болсон талаараа өнөөдөр мэдээлэл хийлээ.

“Ромео, Жульетта” бүжгэн жүжгийн голд дүрд ДБЭТ-ын гоцлооч А.Эрдэнэболд, гавьяат жүжигчин, бүжигчин О.Анужин нар тоглох бөгөөд ерөнхий найруулагчаар “Их Эзэн хааны театр”-ын захирал, балетмейстер Д.Дашлхагва нарын олон уран бүтээлч хамтран ажиллаж байгаа аж. Түүнчлэн бүжгэн жүжгийн зөвлөхөөр Төрийн шагналт ардын жүжигчин Жамъяндагва, Азийн уран зохиолын шагналт зохиолч, яруу найрагч Д.Урианхай, Ардын жүжигчин, удирдаач, хөгжмийн зохиолч П.Хаянхярваа нарын нэртэй уран бүтээлчид ажиллажээ.

Бүжгэн жүжгийн ерөнхий найруулагч, балетмейстер Д.Дашлхагва: Бид энэ хорвоо дээр яах гэж ирснээ, хэзээ буцахаа мэдэхгүйгээс хойш бие биенээ хайрлаж амьдрах ёстой. Энэ хайрыг бид тайзнаа амилуулах гэж байна. Гавьяат жүжигчин, О.Анужин, ДБЭТ-ын гоцлол бүжигчин А.Эрдэнэболд нарын ийм гоё залуусыг тайзан дээрээс харж, гоё амьдралыг сэтгэлдээ төсөөлж чадвал залуус маань бие биедээ хайраа  түгээх болов уу. Хайр өөрөө ойлгомжгүй айдаг тул асар их тэр хайрыг үзүүлэхийн тулд бид ахмад үеэсээ дэмжлэг авч байгаа. Энэ олон мундаг хүмүүстэй хамтран ажиллаж байгаадаа хязгааргүй талархаж байна. Сонгодог урлагийн театр маань ямар их хүчтэй, далайцтай болохыг “Ромео, Жульетта” харуулна.

Ардын жүжигчин, удирдаач, хөгжмийн зохиолч П.Хаянхярваа: Шинэ дэглэгдэж байгаа “Ромео, Жульетта” бол 20-р зууны хөгжмийн нэрт зохиолч Сергей Прокофьевын зургаан балетын тав дахь бүтээл нь. Монголд 1990-ээд онд өөр байдлаар тоглогдож байсныг эс тооцвол энэ удаагийнх жинхэнэ сонгодог, хамгийн төгс дэглэлт гэж би бодож байгаа. С.Прокофьев бол балетын хөгжмийг шинэ шатанд гаргаж ирсэн, Чайковскийн балетын хөгжмийн уламжлалыг хөгжүүлж, нээлт хийсэн хүн.  Энэ шилдэг бүтээлийг Д.Дашлхагва балетмейстер анх удаа тавих гэж байгаа бөгөөд УДБЭТ-ын төлөвлөгөөт ажил биш. Харин УДБЭТ-ын балет ангийнхан бүжиглэж байгаа. Манай соёл, хөгжим, балетын түүхэнд шинэ үзэгдэл болж байгааг талархан тэмдэглэн хэлмээр байна. Сайн бүтээл болно гэдэгт итгэлтэй байна. 

Гавьяат жүжигчин, бүжигчин О.Анужин: “Ромео, Жульетта”-д тоглоно гэдэг миний хувьд ч биш, бүх эмэгтэй балетчдын мөрөөдөл. Ийм сайхан дүр бүтээх боломж олгож байгаад баяртай байгаа. Мөн БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг сонгодог урлагт шинэ бүтээл гаргахад биднийг дэмжиж байгаад талархал илэрхийлмээр байна. Уран бүтээлчид бид маш сэтгэл хангалуун оролцож байгаа. 17, 18-нд тоглох бэлтгэлээ базаагаад, гайхалтай уран бүтээлийг амьдруулахаар өдөр бүр сургуулилалтаа хийгээд явж байна. Та бүхнийгээ нэг өдөр хайраар дүүргээд, сэтгэлээр баясгаад гаргахын төлөө бид хичээх болно.


Санал болгох мэдээ

“World Ballet and Dance Grand Prix Mongolia – 2024” олон улсын бүжигчдийн тэмцээн болно

НЗДТГ дэмжлэгтэйгээр “World Ballet and Dance Grand Prix Mongolia – 2024” дэлхийн хэмжээний тэмцээн Улаанбаатар …