Өнгөрөгч сард Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар, нийслэлийн ИТХ-ын Р.Дагва тэргүүтэй төрийн болон хувийн хэвшлийн төлөөллүүд АНУ-ын Флорида мужийн Майами хотод блокчейн технологийн дэлхийн томоохон компани болох “IOHK”-оос зохион байгуулсан “IOHK Summit 2019” олон улсын бага хуралд урилгаар оролцоод ирсэн билээ. Эл хурлын үеэр “IOHK” компани Монголын финтекийн болоод блокчейн технологийн өнөөгийн хөгжлийн тухай бүтэн панел хэлэлцүүлэг зохион байгуулсан юм. Үүний дүнд Улаанбаатар хот, технологийн өөрчлөлтийн энэ эринд юу хийж байгаа, юу хийхээр төлөвлөж буйгаа танилцуулж, хөрөнгө оруулагчдад эх орноо сурталчилаад ирсэн.
Тэгвэл өнгөрсөн бямба гаригт Гадаад харилцааны яам, “Монголын Финтекийн холбоо”, Санхүүгийн зохицуулах хороо хамтран “Fintech Innovation in Frontier Market” сэдвийн дор “Frontier Fintech Summit 2019” арга хэмжээг Улаанбаатар хотноо зохион байгууллаа.
Санхүүгийн салбарын уламжлалт үйлчилгээг илүү хурдан, хялбар, хямд байдлаар шийдвэрлэх боломжийг олгож буй энэхүү шинэ технологи нь манай улсад нэвтэрч, эрчимтэй хөгжиж буй юм. Өөрөөр хэлбэл, манай улсад финтекийн төрөл бүрийн компаниуд байгуулагдаж, банкууд ч үйл ажиллагаа, үйлчилгээндээ финтекийн шийдлүүдийг нэвтрүүлсээр байгаа юм.
Монгол Улсад дээрх чиглэлээр анх удаагаа болж буй энэхүү чуулга уулзалтад финтек салбарт дэлхийд тэргүүлж яваа энтрепренерүүдээс гадна Монголын бизнесийн манлайлагчид, бодлого тодорхойлогчид, чадварлаг мэргэжилтнүүд, хөрөнгө оруулагчид оролцож финтекийн хөгжил, сайн жишээ, асуудлын шийдлүүдийн талаар харилцан туршлага солилцож, мэдээ, мэдээллээ түгээсэн юм. Үүнээс гадна бодлого тодорхойлох түвшний эрх бүхий байгууллагуудын төлөөлөл хүрэлцэн ирж, энэхүү шинэ салбарт ямар бодлого, зохицуулалтын орчин дутагдаж байгаа талаар хэлэлцэж, шаардлагатай хууль тогтоомж, зохицуулалтын талаар байр сууриа илэрхийллээ.
Уг чуулга уулзалтад нийслэлийн ИТХ-ын дарга Р.Дагва оролцох үеэрээ “Дэлхий дахинаа хурдацтай хөгжиж, хүмүүсийн амьдралыг өөрчилж буй финтек салбарын тухай хэлэлцэх “Фронтийр Финтек Саммит” арга хэмжээг нээж байгаадаа баяртай байна” гээд энэхүү чухал салбарын, олон улсын хэмжээний ийм арга хэмжээ Улаанбаатар хотод маань болж байгаа нь бидний хувьд өндөр ач холбогдолтойг онцолж байв.
Мөн “Улаанбаатар хот хөгжлийн гарцаа технологи, инновац гэж үзэж, энэ хүрээнд дорвитой ажлуудыг санаачилж хэрэгжүүлэхийг зорьж байгаа. Тухайлбал, дундын оффис, инкубатор, лаборатори бүхий Инновацын төвийг бид саяхан ашиглалтад оруулаад байна. Энэ төвдөө бид хувийн хэвшлийнхэн, хөрөнгө оруулагчидтай амжилттай хамтран ажиллаж, залуучуудыг бизнес сэтгэлгээтэй болгоход, инновац шингэсэн гарааны компаниудыг дэмжихэд онцгой анхаарч байна. Мөн инновацын чөлөөт бүс байгуулахаар аль хэдийн бэлтгэл ажилдаа ороод байгаа. Интернет, ухаалаг гар утасны нэвтрэлт зэрэг дэд бүтцийн шаардлагатай бүрдлүүд манайд харьцангуй сайн хөгжсөн, төлбөр тооцооны олон янзын аппликейшнууд гарч байгаа зэрэг нь финтекийн хөгжил манайд боломжийн байгааг, цаашид улам илүү хөгжих боломж байгааг илтгэн харуулдаг. Хүмүүсийг хөдөлгөх нэг гол хүчин зүйл нь төлбөр тооцоо байдаг болохоор финтекийн илүү дэвшилтэт, боловсронгуй шийдлүүд нь манай нийслэл хотод тулгамдаад буй олон асуудлыг шийдэхэд чухал хувь нэмэр оруулна гэдэгт би итгэдэг” хэмээгээд технологийн хөгжлөөс хоцролгүй, Улаанбаатар хотдоо финтекийн салбарын бүх л тоглогчдыг нэг дор цуглуулж, үнэтэй туршлага, сургамжаа хуваалцах гадаадын зочдыг ирүүлж, оролцогч талуудын хамтын ажиллагаа, хууль эрх зүйн зохицуулалтын тал дээр тодорхой алхмуудыг авч хэрэгжүүлэх гэж байгаа нь үнэхээр тэмдэглүүштэй үйл явдал гэдгийг онцолсон юм. Тиймээс Улаанбаатар хотын засаг захиргаа эл чиглэлийн үйл ажиллагаа, санал санаачилгыг бүх л талаар дэмжин ажиллахад бэлэн байгаагаа илэхийлсэн юм.
Нийслэлийн ИТХ-ын ХМОНХТ