Дэлхийн номер нэг ARRI камераар зураг авалтыг нь хийсэн анхны Монгол кино нээлтээ хийх гэж байна. “Mesmerism” продакшн, “BRB” ХХК , XMF-Хуур хөгжмийн наадам болон Монгол ТВ-ийн хамтын бүтээл “Диваажинд хүрэх зам” уран сайхны кино энэ сарын 17-нд Zaisan Hill-ийн Prime Cineplex кино театрт нээлтээ хийх гэж байна.
Найруулагч Д.Ганцогтын уг кинонд нийт 43 уран бүтээлч ажилласан бөгөөд киноны гол дүрд шинэ залуу үеийн төлөөлөл болоод буй жүжигчин С.Идэрмаа, Э.Мөнх-Эрдэнэ, Д.Ганцогт, дүрүүдэд МУАЖ С.Сарантуяа, МУГЖ Ц.Төмөрхуяг, МУСТА О.Гэрэлсүх, Б.Батзаяа, Б.Навчаа, Б.Ангараг, У.Содхүү, нарын уран бүтээлчид тогложээ.
Рой Кларкийн “Луйварчид” зохиолоос сэдэвлэн бүтээсэн уг киноны зураг авалтыг дэлхийн номер нэг “ARRI” камераар хийсэн нь зураг авалтыг илүү мэргэжлийн, чанарын өндөр түвшинд аваачжээ. Энэхүү кинонд хүсэл зорилгынхоо төлөө тэмүүлж буй хоёр найзын талаар өгүүлэх бөгөөд амьдралын үнэ цэнэ, хэнд ч дийлдэшгүй хүсэл мөрөөдөл,үнэнч нөхөрлөлийг харуулахыг зорьжээ. Киноны зураг авалтыг нийт зургаан сарын хугацаанд гүйцэтгэсэн бөгөөд киноны хамгийн нүсэр бүрэлдэхүүнтэй зураг авалтыг 80-100 хүнийг оролцуулан хийсэн гэнэ.
Г.Нараа