Манайханыг айхтар хулгайч нартай хэмээн урд хөршийнхөн маань үзхээ болисон. Гэтэл Солонгос, Япон гээд сүүлдээ бүр Европчуудыг хүртэл хашраачихсан байх юм. Одоо бараг Чингисын Монгол гэхээсээ илүү өнөө чиний тэрийг чинь хулгайлсан монгол гэж ярьдаг болсон сурагтай.
Аргагүй шүү дээ саяхан л гэхэд Дэлхийд алдартай Blue хамтлаг ирээд онгоцны буудлаас гараад машиндаа суух хооронд л нэгнийх нь гар утсыг нь туучихсан байгаа юм чинь. Дээрээс нь нийтийн тээвэрт чихэлдэж яваад гар утас, цүнх түрийвч, бичиг баримт гээд өнгөтэй өөдтэй юм аа алдах энүүхэнд. Сүүлдээ монголын хулгайч нар аргаа нарийсган гадагшаа гарч хулгай хийдэг болсон гэнэ. Чухамдаа томорч байгаа нь тэр аж. Харин энд хулгай хийж үлдэж байгаа гарууд нь жижиг гарын хулгайч нар ажээ. Дээр нь бага насныхан хулгай хийх нь элбэгшжээ. Өчигдөр гэхэд БГД-ийн есдүгээр хорооны II байрны гаднаас иргэн 34 настай эрэгтэй Б-н Toyota Cresta автомашиныг иргэн 17 настай эрэгтэй нь түлхүүр тааруулан хулгайлсан байжээ. Мөн БЗД-ийн 27-р хорооны иргэн 64 настай эмэгтэй Б-н Мазда Демо автомашиныг 13 настай эрэгтэй Ж нь түлхүүр тааруулан хулгайлсныг БЗД-ийн Цагдаагийн хоёрдугаар хэлтэс илрүүлэн шалгаж байна.
Хуруу хумсаа хуйхлан байж олсон хэдэн цаасаа урт гартангуудад алдах энүүхэнд болсон цагт хүн бүр л бие биенээ хардаж сэрдэж хардаг болжээ. Энэ хэдэн хулгайч нараас салчихвал ядаж ард иргэд автобусандаа санаа амар явна даа. Үнэндээ өглөө оройд чихэлдэн явахдаа хэн хаанаас хэзээ яачих бол гэж эмээсэн иргэд цүнхээ тас зуурсаар буудаг нь ард түмнийг ямар сэтгэхүйтэй болгосны бэлээхэн жишээ. Бүр юмаа алдаад хаширчихсан болоод л тэршүү дээ. Нийтийн унаад явахдаа эд зүйлээ алдаж байгаагүй хүн бараг л байхгүй болов уу. Хөдөлмөрөө шулуулна дээрээс нь шулуулж олсон хэдээ хулгайч нарт алдаад байхаар, энэ ард түмэн яаж амьдрах юм бэ?. Төр засаг хууль дүрэм, татвар, ажил, цалин мөнгө, эдийн засгийн хямрал гээд олон дарамтанд туйлдаж байгаа иргэд маань ядаж автобусанд дарамтгүй явах хэрэгтэй биздээ.
О.Рана