Монгол Ардын Нам жил бүр намын анхан шатны гишүүд дэмжигчдийнхээ дунд спортын дөрвөн төрөлт тэмцээнийг зохион байгуулдаг уламжлалтай. Энэ жил тэмцээний цар хүрээ тэлж “Эв нэгдлийн цом-2019” нэртэйгээр 21 аймаг, нийслэлийн есөн дүүргийн намын хороод, МАН-ын Удирдах Зөвлөл, Удирдах Зөвлөлийн ажлын алба, УИХ-дахь МАН-ын бүлгийн ажлын алба, нийслэлийн намын хороо, сургалт судалгааны Стратеги Академи, Монголын Үнэн сонин, МАН-ын дэргэдэх төрийн бус байгууллагуудын дунд зохион байгуулагдахаар болж Буян-Ухаа спорт цогцолборт нээлтээ хийн эхэллээ.
“Эв нэгдлийн цом-2019” спортын наадмын нээлтийн арга хэмжээнд Монгол Ардын Намын Нарийн Бичгийн дарга Ц.Бат-Энх, Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Гадаад Харилцааны сайд Д.Цогтбаатар, УИХ-ын гишүүн Б.Саранчимэг, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан, МАН-ын Хяналтын Ерөнхий Хорооны дарга Д.Батбаатар, МАН-ын ХЕХ-ны дэд дарга, Ёс зүйн хорооны дарга Т.Баасанцогт тэргүүтэй нийслэл, есөн дүүргийн намын хороодын дарга нар болон Монгол Ардын Намын 21 аймгийн намын хороодын дарга буюу аймгуудын Засаг дарга нар оролцож баг тамирчиддаа амжилт хүссэн юм.
Монгол Ардын Намын Нарийн Бичгийн дарга Ц.Бат-Энх “Эв нэгдлийн цом-2019” спортын наадмыг нээж хэлсэн үгэндээ “Монгол Ардын нам Монголдоо төдийгүй азидаа хамгийн том улстөрийн хүчин. 200 гаруй мянган гишүүд дэмжигчидтэй том улстөрийн хүчний эд эс болсон намын анхан шатны байгууллагуудын төлөөллүүд нэгдэн эв нэгдэл хамтын хүчийг бэхжүүлэх, туршлага судлах, хоорондоо ойртон нөхөрлөх, хурд хүчээ сорин өрсөлдөх гэж байна. Энэ жил “Эв нэгдлийн цом-2019” спортын наадам хүрээгээ тэлж 700 гаруй тамирчид спортын дөрвөн төрлөөр өрсөлдөхөөр илүү олуулаа болж ирсэн явдалд талархал илэрхийлж амжилт хүсье” хэмээлээ. Үүний дараа нээлтийн арга хэмжээний гол хэсэг болох Монгол Ардын Намын “эв нэгдлийн далбаа”-г хүндэтгэлээр залах ёслолын арга хэмжээ болов. “Эв нэгдлийн далбаа”-г Монгол Ардын Намын нийт гишүүдийн гурван үеийн төлөөлөл буюу Завхан аймгийн ахмадын холбооны дэд дарга С.Төмөрбаатар 65 настай, Дорноговь аймгийн Сайншанд сумын төмөр замын намын хорооны 1-р үүрийн дарга н.Дуламсүрэн 72 настай, дунд үе Архангай аймгийн намын хорооны дэд дарга н.Хүрэлсүх, Сэлэнгэ аймгийн намын хорооны дэд дарга н.Рэгзэдмаа, залуу үе нийслэлийн намын хорооны Нийгмийн Ардчилал Монголын Оюутны холбооны нарийн бичгийн дарга н.Бат-Эрдэнэ 21 настай, Хэнтий аймгийн Нийгмийн Ардчилал Монголын Оюутны холбооны нарийн бичгийн дарга н.Долгорсүрэн 18 настай нар хүндэтгэлтэйгээр залав.
“Эв нэгдлийн цом-2019” спортын наадам гар бөмбөг,сагсан бөмбөг, шатар, теннисний төрлөөр 3 өдөр Буян-Ухаа спорт цогцолборт болох бөгөөд нийт 37 баг,700 гаруй тамирчид өрсөлдөнө. Өнөөдөр шатар, гар бөмбөгийн тэмцээнүүдийн эхний тойргийн тоглолтууд болсон бол маргааш хагас шигшээ тоглолтуудаар үргэлжилнэ.